МГТИС-ийн IX дэх төгсөлтийн “Эрдмийн баяр” амжилттай болж, 71 шинэ инженер, мэргэжилтэн төгслөө

МГТИС-ийн IX дэх төгсөлтийн “Эрдмийн баяр” амжилттай болж, 71 шинэ инженер, мэргэжилтэн төгслөө

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) 2025–2026 оны хичээлийн жилийн IX дэх төгсөлтийн “Эрдмийн баяр” 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баяр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Төгсөлтийн ёслолын ажиллагааг МГТИС-ийн Ректор, профессор Б.Батцэнгэл нээж, төгсөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлэн, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд зориулж, салбартаа манлайлагч мэргэжилтнүүд болохыг хүсэн ерөөлөө.

Ёслолын ажиллагаанд төр, засаг, олон улсын байгууллага, хамтрагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, МГТИС-ийн багш, ажилтнууд, төгсөгчдийн гэр бүл, найз нөхөд хүрэлцэн ирж, төгсөгчдийн амжилтыг хуваалцан, энэхүү дурсамжит мөчийн гэрч боллоо.

71 төгсөгч олон улсын түвшний инженерийн боловсрол эзэмшин төгслөө

Энэ жил МГТИС-ийг нийт 71 төгсөгч амжилттай төгсөж, үүнээс:

69 оюутан бакалаврын зэрэг;

2 оюутан “Байгалийн нөөц ба технологи” шинжлэх ухааны магистрын зэрэг

хамгаалан диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Бакалаврын төгсөгчид:

Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл;

Механик инженерчлэл;

Хүрээлэн буй орчны инженерчлэл;

Үйлдвэрлэлийн инженерчлэл;

Мехатроник инженерчлэл;

Эрчим хүч, цахилгааны инженерчлэл зэрэг хөтөлбөрүүдээр суралцан төгсөж байна.

Энэ жилийн төгсөлтийн онцлох үзүүлэлтийн нэг нь уламжлалт байдлаар эрэгтэйчүүд давамгайлдаг инженерийн салбарт 33 эмэгтэй инженер шинээр төгсөж байгаа явдал байлаа.

Амжилт, манлайллаар тодорсон төгсөгчид МГТИС-ийн оюутнууд суралцах хугацаандаа үндэсний болон олон улсын хэмжээний олимпиад, эрдэм шинжилгээний хурал, тэмцээнүүдэд амжилттай оролцож, олон амжилтыг үзүүллээ. Тухайлбал:

“Монгол Инженер” улсын олимпиадад Т.Улсболд 2024, 2026 онуудад I байр;

2026 онд Б.Марал III байр;

“German-Kazakh University”-аас зохион байгуулсан SDG-2025 олон улсын олимпиадад У.Айсулу II байр;

МУИС-ийн Экологийн тэнхимээс зохион байгуулсан Экологийн хакатон тэмцээнд Э.Ариунцэцэг, У.Айсулу, М.Оюунжаргал, О.Уянга нар багаараа I байр;

Экологийн олимпиадад Г.Номин-Эрдэнэ III байр;

2023 оны улсын химийн олимпиадад Мөнх-Оргил хүрэл медаль, Оюунжаргал мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Мөн төгсөгчдийн дундаас:

Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийн оюутан Э.Ариунцэцэг дөрвөн жил дараалан DAAD Sur-place тэтгэлэг;

Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэлийн хөтөлбөрийн оюутан О.Сайнзаяа гурван жил дараалан DAAD Sur-place, нэг жил DAAD TNB тэтгэлэг хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Ирээдүйн инженерүүд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь 2013 онд Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан төрийн өмчит их сургууль бөгөөд уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, технологийн салбарт олон улсын түвшний инженер, мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготой.

Төгсөлтийн ёслолын үеэр Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитцийн баярын мэндчилгээ, GIZ-ийн МГТИС төслийн удирдагч Сибастиан Бургхоф, мөн “Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн Парк” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал нар төгсөгчдөд баяр хүргэж, ирээдүйн ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Олон улсын стандартад нийцсэн инженерийн боловсрол эзэмшсэн МГТИС-ийн төгсөгчид маань уул уурхай, үйлдвэрлэл, эрчим хүч, байгаль орчин, технологийн салбарын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах шинэ үеийн инженер, мэргэжилтнүүд болон төгслөө.

МГТИС-ийн нийт төгсөгчдөдөө чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын ажил, амьдрал, эрдэм мэдлэгийн замналд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


“Герман мэдлэг – Монгол ухаан”