Ректорын мэндчилгээ

Эрхэм хүндэт зочид, хамтран ажиллагч түншүүд, эрхэм багш, ажилтнууд, хамгийн гол нь бидний бахархал болсон оюутан залуус аа,

Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Монгол- Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд та бүхнийг хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж, халуун дотноор угтан авч байгаадаа туйлын баяртай байна.

Өнгөрөгч хичээлийн жилийг бид Чанарын жил болгон зарласан. Үнэхээр ч энэ зорилтоо бид амжилттай биелүүлсэн гэж бахархалтайгаар хэлж чадна. Манай бүх сургалтын хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдсэн  бөгөөд байгууллагын хэмжээнд үндэсний магадлан итгэмжлэлийг эхлүүлсэн нь Монгол Улсын дээд боловсролын салбарт чухал алхам боллоо. Энэ бүхэн багш, ажилтнуудын маань хөдөлмөр, оюутнуудын маань хичээл зүтгэл, түншүүдийн маань тууштай дэмжлэгийн үр дүн юм.

Мөн бид “Байгалийн нөөц ба Технологи” 3 дахь олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, 13 орны 150 гаруй судлаач, инженерүүд оролцсон. Энэ хурал нь зөвхөн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгааг танилцуулаад зогсохгүй МГТИС нь уул уурхай, технологи, тогтвортой хөгжилд шинжлэх ухааны солилцоо, хамтын ажиллагаа, инновацийн төв болж чадсан.

Шинэ хичээлийн жилд биднийг олон чухал үйл явдал хүлээж байна:

Нэн түрүүнд, манай сургуулийн өргөтгөл болох сургалт, судалгааны барилга ашиглалтад орно. Орчин үеийн лаборатори, сургалтын өрөө бүхий энэ байгууламж нь оюутан, судлаачдад мэдлэг, инновацийн орчин бүрдүүлнэ. Мөн энэ барилга нь бидний шинээр боловсруулсан Докторын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл болон албан ёсны эхлэлд суурь болж өгнө.

Мөн манай сургуульд эрдэс судлалын орчин үеийн хамгийн чухал төхөөрөмжүүдийн нэг болох MLA (Mineral Liberation Analyzer)-г суурилуулан хандивлаж байгаа Оюу Толгой ХХК-д гүнээ талархал илэрхийлье. Энэ нь оюутан, багш нарын судалгааг дэлхийн түвшинд хүргэх томоохон боломж юм.

Энэ жил МГТИС-ийн багш нарын 12 судалгааны төсөл Судалгаа хөгжүүлэлтийн сангийн санхүүжилтээр GIZ болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр хэрэгжинэ. Энэ нь зөвхөн шинжлэх ухааны мэдлэгийг бүтээгээд зогсохгүй, оюутнуудыг идэвхтэй оролцуулж, тэдэнд бодит туршлага хуримтлуулах боломж олгоно.

Манай сургуулийн олон улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байна. Германы түнш их сургуулиуд болох Фрайбергийн технологийн их сургууль (TUBAF), Аахенийн технологийн их сургууль (RWTH Aachen), Циттау Гөрлицийн их сургууль (HSZG) болон дотоод, гадаадын бусад хамтрагч байгууллагууд нь хамтарсан судалгаа, сургалтын хөтөлбөр хөгжүүлэлт, зочин профессор багш, оюутан солилцоо, зуны сургалт зэрэг олон хэлбэрээр биднийг дэмжин ажиллаж байна.

Мөн энэ хичээлийн жилд DAAD-ын тэтгэлгээр 7 оюутан Фрайбергийн технологийн их сургуульд суралцах бол, 25 оюутан Sur-Place тэтгэлэг хүртэж, МГТИС-ийн нэрэмжит тэтгэлэгт 16 оюутан хамрагдлаа. Энэхүү тэтгэлэг нь оюутнуудад дэлхийн түвшний боловсролыг эзэмшихэд санхүүгийн бэрхшээлгүй суралцах боломжийг бүрдүүлж өгч байна.

Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг Боловсролын жил болгон зарласан бөгөөд бидний хувьд уг зорилготой уялдуулан 2025–2026 оныг Судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих жил болгон зарлаж байна. Ингэснээр сургалт, судалгаа & инноваци, үйлдвэрлэлийн хөгжил хоорондын уялдаа холбоо улам батжин хөгжих болно.

Эрхэм оюутан залуус аа,

Шинэ хичээлийн жил та бүхэнд олон боломжийг авчрахын зэрэгцээ тодорхой сорилтууд ч байх болно. Дээд боловсрол гэдэг бол зөвхөн мэдлэг цээжлэхийн нэр биш, харин шүүмжлэлт сэтгэлгээ хөгжүүлэх, асуудлыг бүтээлчээр шийдэх, нийгмийн өмнө хариуцлагатай байхад сурах үйл явц юм. Та бүхэнд судалгааны төсөлд оролцож, олон улсын профессоруудаас суралцаж, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах сайхан боломжууд байна. Эдгээр боломжийг идэвхтэй ашиглаж, эрч хүчтэй, бүтээлч сэтгэлээр урагш тэмүүлээрэй.

Агуу эрдэмтэн Альберт Эйнштейн нэгэнтээ хэлсэн байдаг: “Боловсрол гэдэг бол баримт мэдлэгийг цээжлэх бус, харин сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх явдал юм.” Энэ үгс та бүхний МГТИС-д суралцах замыг үргэлж чиглүүлж байх болтугай.

Эцэст нь,

хоёр улсын Засгийн газар, GIZ, KfW, DAAD байгууллагууддаа,

багш, ажилтнууддаа,

хамтрагч байгууллага, түншүүддээ,

оюутан залуус— бидний зүрх, утга учир болсон та нартаа — чин сэтгэлээсээ талархаж байна.

Шинэ хичээлийн жилд та бүхний сурлага, судалгаа, хувь хүний хөгжилд нь амжилт хүсэж, хамтдаа 2025–2026 оныг МГТИС-ийн түүхэнд нэгэн бахархалт, дурсамжтай он жил болгоцгооё.

Баярлалаа.