“Докторын хөтөлбөр боловсруулах” семинар зохион байгууллаа.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн “Докторын хөтөлбөр боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан хэд хэдэн удаагийн уулзалт, семинарыг амжилттай зохион байгуулсны үр дүнд хөтөлбөрийн баримт бичгүүдийг эцэслэв. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Холбооны Бүгд Найрамдах Герман улс дахь хамтын ажиллагаатай их сургууль, байгууллагуудын дэмжлэг оролцоог тодорхой болгох зорилтын хүрээнд ГОУХН-ийн дэмжлэгтэйгээр МГТИС, Аахены техникийн их сургууль, Дармштадтын техникийн их сургууль болон Фрайбергийн техникийн их сургуулиудын профессор, багш нар оролцсон хөтөлбөрийн уулзалт семинарыг зохион байгууллаа. Уг семинарт Боловсролын яамны Дээд боловсролын удирдлага, зохицуулалтын газрын мэргэжилтэн урилгаар оролцов. 

Докторын хөтөлбөрийг боловсруулж буй үйл явц нь МУ-ын эрх зүйн орчин, салбарын эрдэмтэн судлаачид болон гадаад хамтын ажиллагаатай их дээд сургуулиудын зөвлөмж, судалгаанд үндэслэсэн болно. Хөтөлбөрийн онцлог нь:

• Судалгааны арга зүйд түлхүү анхаарсан

• Олон улсын түнш их сургуулиудад хамтарсан судалгаа хийх боломжтой 

• Магистрын хөтөлбөртэй хослуулсан болон дангаар суралцах сонголттой

зэрэг болно. 

Уулзалтын үеэр ХБНГУ-ын Аахены техникийн их сургуулийн Гео Нөөц ба Материалын инженерчлэлийн факультетаас МГТИС-тай эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг дэмжиж, хөгжүүлэх замаар хамтарсан докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, эрмэлзлэлийн бичиг илгээснийг тус их сургуулийн профессор Michael Leuchner гардуулж өглөө.