МГТИС-ийн анхны Хүндэт доктор цол хэргэмд ХБНГУ-ын Элчин сайдыг өргөмжиллөө

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн анхны Хүндэт доктор цол хэргэмд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг өргөмжлөх ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Ёслолд МГТИС-ийн хамт олны төлөөллөөс гадна БШУЯ болон ГХЯ-ны төлөөллүүд оролцож, Элчин сайдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ноён Ёорн Розенберг нь 2019 оны наймдугаар сард Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон цагаасаа Монгол, Германы харилцаа хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж буй “GIZ-GMIT” төсөл болох МГТИС-ийн үйл ажиллагааг ямагт дэмжин, анхаарал хандуулан ажиллаж ирсэн.

МГТИС нь өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголын ашигт малтмалын салбар дахь өндөр мэргэшсэн инженерүүдийн эрэлт хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байгаа, Төрийн өмчит хамгийн отгон их сургууль юм. Тус их сургууль нь олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг Монголд нэвтрүүлэхэд ХБНГУ-ын Засгийн газар, Элчин сайдын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэг болон Герман дахь түнш их сургуулиудын хамтын ажиллагаа онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тиймээс Монголын дээд боловсролын салбарт үзүүлсэн дэмжлэг, МГТИС-иар дамжуулан хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайдад ийнхүү тус их сургуулийн Хүндэт докторын зэрэг олголоо.