МГТИС болон KAIST хамтарсан оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь шинжлэх ухаан, технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын Шинжлэх ухааны технологийн ахисан түвшний институт (KAIST)-тэй хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Ингэснээр тус хоёр сургуулийн 2019 онд байгуулсан Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан багш, оюутан солилцоо, хамтарсан судалгаа зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой боллоо. Ийнхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх ажил хэргийн уулзалтад МГТИС-иас Захирал Проф. Б.Батцэнгэл, УЗ-ийн дарга Д.Тэрбишдагва, Санхүү, захиргаа хариуцсан дэд захирал Б.Энхбаяр, Сургалт хариуцсан дэд захирал Проф. Томас Холленберг, Механик инженерийн профессор Сунгчил Лий нар оролцсон юм. Түүнчлэн KAIST-аас Ерөнхийлөгч Проф. И Квон Хён, Төлөвлөлт төсөв хариуцсан дэд ерөнхийлөгч Проф. Ким Бу Вон, Гадаад албаны дэд ерөнхийлөгч Проф. Еэм Ман Сун, Олон улсын харилцааны багийн дарга И Үн Жэ тэргүүтэй профессорууд төлөөлөн уулзлаа.

KAIST нь БНСУ-д шинжлэх ухаан, инженерийн дээд боловсролыг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор ерөнхийлөгч асан Пак Чун Хэгийн санаачлан 1971 онд байгуулсан төсөл юм. KAIST QS нь 2022 оны байдлаар дэлхийд 41-р байрт, нийт оноогоор Азид 12-р байрт, материалын шинжлэх ухаан болон инженер, технологийн чиглэлээр 16-р байрт эрэмбэлэгдэж байна.

“KAIST 2031” стратеги төлөвлөгөөнд салбар дундын судалгааг түлхүү хөгжүүлэх, судалгааг сургалт, санхүүгийн эх үүсвэр болгох, инновацыг шингээсэн энтрепренёршип, гарааны бизнесийн сургалтын хөтөлбөр, заах арга зүйг нэвтрүүлэхээр тусгажээ. Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг KAIST-ийн ерөнхийлөгч, Солонгос улсдаа ирээдүй судлаач хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Проф. И Квон Хён ахалж байна. Айлчлалын үеэр МГТИС-ийн төлөөлөгчид KAIST Стартап, бохирдлыг цэвэршүүлэх микробиологийн дэвшилтэт технологийн лаборатори, KAIST хэлний төвийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.