Эрчим хүчний хэмнэлттэй барилгын “CEBEC” төслийн 15 дахь уулзалт боллоо

Европын холбооны санхүүжилтээр Дээд боловсролын салбарын чадавхыг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжиж буй “Цаг уурын эрс тэс уур амьсгалтай нөхцөл дэх эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж (CEBEC)” төслийн 15 дахь удаагийн уулзалт 2022 оны 9-р сарын 26-аас 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.
 
Уг төслийг Монголын талаас Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Европын холбооноос Швед улсын Лундын их сургууль, Эстонийн Таллины техникийн их сургууль хамтран хэрэгжүүлж байгаа юм.
 
Монголын талаас оролцогч их сургуулиудын хувьд эрчим хүчний хэмнэлттэй барилгатай холбоотой хичээлүүдийн хөтөлбөрийг боловсруулах, шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, программ, ном сурах бичгийг худалдан авах, Лундын болон Таллины техникийн их сургуулиудын туршлагаас суралцахаар зорин ажиллаж байна.
 
Уулзалтаар төслийн хүрээнд ажлын багц тус бүрээр гүйцэтгэсэн үйл ажиллагаа, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа. Төслийн багийнхан Монгол улсад хэрэгжиж байгаа сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг үзэж сонирхсоны зэрэгцээ Монголын талаас оролцогч их сургуулиудад зочлон, хэрэгжүүлж буй төслүүд, сургалт судалгааны ажилтай нь танилцсан юм.