DAAD болон ХБНГУ дахь түнш их сургуулийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн удирдлагууд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Төслийн удирдагч нар Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) МГТИС-ийн хөтөлбөрийн менежер хатагтай Голрох Анзари-Ха болон ХБНГУ дахь түнш их сургуулиудын зочин профессор багш нарыг хүлээн авч уулзлаа.

Өнгөрөгч 8-р сард Монгол Улсад хүрэлцэн ирсэн DAAD-ийн төлөөлөгч, Фрайбергийн Техникийн их сургууль, Аахены Техникийн их сургууль болон Бранденбургийн их сургуулийн профессор судлаач нар “Түүхий эдийн хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл - Уул уурхайн хайгуулаас нөхөн сэргээлт хүртэлх дамжлага” сэдэвт зуны сургалтыг МГТИС-ийн оюутнуудад зориулан зохион байгуулсан юм.

Тус зуны сургалтын үр дүн болон дараагийн сургалтыг хэрхэн зохион байгуулах асуудлыг дээрх уулзалтын үеэр зөвлөлдлөө. Түүнчлэн DAAD-ийн тэтгэлэг болон хамтрагч их сургуулиудын зүгээс сургалт, судалгаа болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд МГТИС-тай хамтран хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн байна.

Германы эрдмийн солилцооны алба буюу DAAD нь МГТИС-ийн оюутнуудад жил бүр “DAAD-TNB”, “DAAD Surplace” тэтгэлгийг олгохын зэрэгцээ дээр дурдсан хамтрагч их сургуулиудаас зочин багш профессоруудыг урихад дэмжлэг үзүүлэн ажилладаг гол байгууллага юм.