Монгол Улсын Их хурлын Дарга Г.Занданшатар МГТИС-д зочиллоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн хотхонд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны Дэд сайд Г.Ганбаяр, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Боловсрол, шинжлэх ухааны Сайд асан Ц.Цогзолмаа болон албаны бусад төлөөлөгчид зочиллоо.

МГТИС-ийг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр 2013 оноос хойш амжилттай хэрэгжиж буй хоёр засгийн газрын хамтарсан төсөл гэдгийг онцлоод, цаашид тус их сургуультай газрын ховор элемент, эрдэс баялгийн боловсруулалтын чиглэлээр судалгааны төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтойг илэрхийллээ.

Түүнчлэн МГТИС-ийн Захирлын зөвлөлийн зүгээс Германы Сэргээн босголтын банкны (KfW) хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлээд буй тус их сургуулийн хотхоны өргөтгөлийн төслийн хэрэгжилтийг танилцуулсан байна.

Албаны төлөөлөгчид 2021-2022 оны хичээлийн жилд МГТИС-иас сургалт, судалгааны чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцаж, онлайн хичээлд оролцож буй оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.