Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

Эрхэм оюутан залуус, багш ажилтан та бүхэндээ Хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Цар тахлын нөхцөл байдалд хүнд сорилтуудыг даван, хоёр жилийн турш эрхэлсэн ажил, хичээл сурлагадаа шамдан идэвхтэй, хариуцлагатай байж ирсэн та бүхэндээ баярлалаа.

Шинэ хичээлийн жилд бидний өмнө эрүүл мэндээ сахин хамгаалах, хайртай дотны хүмүүсээ халдварын эрсдэлээс сэргийлэхийн хажуугаар өөрийгөө хөгжүүлэх, ажил, хичээлээ аль болох хэвийн үргэлжлүүлэх хариуцлагатай цаг үе дахин тулгарч байна.

2021-2022 оны хичээлийн жилд бид шинэ дотуур байраа ашиглалтад оруулж,  оюутнуудаа хүлээн авахад бэлэн болж байна. Түүнчлэн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлөөс БШУ-ны Сайдын 2021 оны тушаалаар батлагдсан “Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам”-ыг үндэслэн шийдвэрлэсний дагуу бакалаврын нийт оюутнууддаа энэ намрын семестрийн сургалтын төлбөрийн 10 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Мөн энэ хичээлийн жилд хичээл сурлага, идэвх санаачилгаараа үеийнхнийгээ манлайлсан оюутнууддаа  Монгол Улсын Засгийн газраас олгодог МГТИС-ийн нэрэмжит тэтгэлэг болон Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг бүхий нийт 951 сая төгрөгийн тэтгэлгийг олгох гэж байгаа таатай мэдээг дуулгахад баяртай байна.
Манай сургуулийн хувьд энэ хичээлийн жилд онлайн хичээлүүдийг чанарын өндөр түвшинд боловсруулж, цахим сургалтыг хөгжүүлэх, сургалт, судалгааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх онцлох зорилтуудыг дэвшүүлэн ажиллана.

“Өөдрөг эерэг бодол сөргөөсөө зуу дахин хүчтэй байдаг.” гэдэг үгийг санан эерэг хандлагаар эрүүл мэндээ дэмжиж, цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулахыг уриалж байна.

МГТИС-ийн хамт олон, харилцагч байгууллагууд, Герман түнш байгууллагууд, мөн дэлхийн түвшний инженерийн боловсролд суралцаж байгаа оюутан залуус та бүхнийхээ эрдэм мэдлэгийн их үйлсэд, ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье!
 
Хүндэтгэсэн,
ЗАХИРАЛ Б.БАТЦЭНГЭЛ