DAAD-ын тэтгэлэгт хамрагдсан МГТИС-ийн багш нар сургуульдаа ном, төхөөрөмж бэлэглэлээ

Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) тэтгэлэг хүртэж байсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн багш нар сургуульдаа Номын булан байгуулах санаачилга гаргалаа. DAAD-ын тэтгэлгээр суралцсан төгсөгчид нь жил бүр 200 еврогийн ном худалдан авах эрхтэй байдаг учир ийнхүү худалдан авч ашигласан ном, төхөөрөмжүүдээ, мөн хувийн цуглуулгаасаа энэхүү Номын буланд бэлэглэж байна.

Санаачилгыг анх гаргасан Математик, компьютер, байгалийн шинжлэх ухааны факультетийн Физикийн багш О.Соронзонболд нь DAAD-тэтгэлгээр ХБНГУ-ын Зигений их сургуульд Магистрын зэргээ хамгаалсан бөгөөд өдгөө Мьюнхений их сургуульд Докторантурт суралцаж байгаа. Тус факультетийн Хүрээлэн буй орчны багш асан Б.Гүнсмаа нь мөн DAAD-ын тэтгэлгээр Гёттингений их сургуульд Докторын зэргээ хамгаалсан бөгөөд одоо Георг Форстерийн судалгааны пост докторын тэтгэлгээр дахин Герман улсыг зорих гэж байгаа юм. 

Залуу багш судлаачид өөрт олдсон боломжийг бусаддаа хуваалцаж, ийнхүү шинжлэх ухааны, уран зохиолын, гүн ухааны, судалгааны номнууд болон зарим төхөөрөмжөө бэлэг болгон өглөө.