МГТИС ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

МГТИС ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) болон Шинэ Монгол Технологийн Коллеж (ШМТК) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт МГТИС-ийн Ректор, профессор Б. Батцэнгэл, ШМТК-ийн Захирал, профессор Т. Оюунжаргал нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр туршлага солилцох, эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт хамтран зохион байгуулах, сургалтын хөтөлбөр болон кредит харилцан дүйцүүлэх боломжийг судлах, сурах бичиг, сургалтын материал хамтран боловсруулах чиглэлээр ажиллана.

Мөн оюутны дадлагын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, төгсөгчдөд карьерын чиг баримжаа олгох, ажил олгогчтой холбогдох боломжийг дэмжихээр тусгалаа.

Гарын үсэг зурах арга хэмжээний үеэр МГТИС-ийн төлөөлөгчид ШМТК-ийн сургалтын орчин, лабораториудтай танилцаж, сургалтын үйл ажиллагаа, материаллаг бааз болон хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

Уулзалтад Шинэ Монгол Технологийн Коллежийг Захирал, доктор Т. Оюунжаргал, Компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч Н. Соронзонболд, Сургалтын үйл ажиллагаа хариуцсан менежер Ш. Оюунчимэг, Олон нийт, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ө. Орхонтунгалаг нар төлөөлөн оролцлоо.

Харин Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг Ректор, профессор Б. Батцэнгэл, Сургалт хариуцсан дэд захирал, профессор Ч. Энхзаяа, Эрдэс баялаг, хүрээлэн буй орчны инженерчлэлийн факультетийн декан, профессор Г. Гантуяа, Хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Ө. Энхчимэг нар төлөөлөн оролцов.


Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр байгууллагын боловсрол, судалгааны түншлэлийг өргөжүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, оюутнуудын практик дадлага, мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой юм.