МГТИС БНСУ-ЫН BUSAN DIGITAL UNIVERSITY БОЛОН УЛСАНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЛАА

МГТИС БНСУ-ЫН BUSAN DIGITAL UNIVERSITY БОЛОН УЛСАНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЛАА 

BUSAN DIGITAL UNIVERSITY: ЦАХИМ СУРГАЛТ, АКАДЕМИК ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) Ректор, профессор Б.Батцэнгэл, профессор Сунгчиль Ли нарын БНСУ-ын Busan Digital University (BDU) ажлын айлчлал хийлээ. 

Айлчлалыг хүрээнд BDU-ийн ерөнхийлөгч Проф. Jung Sun Kim болон удирдлагын багийнхантай уулзаж, цахим сургалт, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, солонгос хэлний сонгон судлах хичээл нэвтрүүлэх, багш солилцооны чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааны боломжуудыг ярилцав. Мөн тус сургуулийн цахим сургалтын орчин, дэд бүтэц, техник тоног төхөөрөмж, кампустай танилцаж, туршлага солилцлоо. Түүнчлэн айлчлалын үеэр Японы Азийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцов. 

УЛСАНЫ ИХ СУРГУУЛЬ: ОЛОН УЛСЫН ФОРУМ, СУДАЛГААНЫ ТҮНШЛЭЛ

МГТИС-ийн Ректор, профессор Б.Батцэнгэл нь Улсаны их сургуулиас зохион байгуулсан UoU Bridges 2026 олон улсын форумд зочин илтгэгчээр уригдан оролцож, “Байгалийн нөөц ба технологийг холбох нь: Чухал ашигт малтмал, эрчим хүчний шилжилт ба Монгол-Солонгосын судалгааны түншлэл” сэдвээр нэгдсэн хуралдаанд илтгэл тавьж хэлэлцүүллээ. Форумын үеэр Улсаны их сургуулийн захирал болон сургалт хариуцсан дэд захиралтай уулзаж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, магистр, докторын түвшний судалгааны ажлыг хамтран удирдах, оюутан солилцооны хөтөлбөр хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжийг талууд онцоллоо. Улсаны их сургуулийн судлаачид МГТИС-ээс уламжлал болгон зохион байгуулдаг RESAT олон улсын эрдэм шинжилгээний хуралд тогтмол оролцож ирсэн бөгөөд ирэх онд зохион байгуулагдах RESAT 2027 хуралд тус сургуулийн профессор, судлаачид, оюутнууд оролцохоо илэрхийллээ. Айлчлалын хүрээнд мөн Улсаны их сургуулийн Химийн инженерийн сургуулийн судалгааны лаборатори, орчин үеийн багаж тоног төхөөрөмж, сургалтын төв болон хэрэгжүүлж буй судалгааны төслүүдтэй танилцаж, судалгааны дэд бүтэц, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны туршлагаасаа хуваалцлаа. Энэхүү айлчлал нь МГТИС болон БНСУ-ын их, дээд сургуулиуд хоорондын тогтоосон түншлэлийг бэхжүүлэх, сургалт, судалгааны хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх, олон улсын академик солилцоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.