"Сургалтын интеграци ба AI хэрэгслүүд" багш нарын бага хуралд урьж байна.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь ээлжит багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн XII бага хурлыг 2025 оны 10-р сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотын Ерөнхий боловсролын 1-р сургуульд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн бага хурлын дэмжигч байгууллагаар “Хан Алтай Ресурс” ХХК, хамтран зохион байгуулагчаар Говь-Алтай аймгийн Боловсролын газар, Ерөнхий боловсролын 1-р сургууль ажиллаж байна.

Тус хурлын зорилго нь инженер технологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, ЕБС-ийн багш, судлаачдын дунд харилцан туршлага, мэдлэг хуваалцах, байгалийн ухааны болон гадаад хэлний сургалтад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, сургалтын интеграци ба сургалтад хэрэглэгдэж буй AI хэрэгслүүдийг хэрхэн ашиглах, сургалтын шинэ арга зүйн талаар санал бодлоо солилцоход оршино.

“Сургалтын интеграци ба AI хэрэгслүүд” сэдвийн хүрээнд танхимаар илтгэл хэлэлцүүлэгдэх бөгөөд энэхүү хурал нь хоёр хэсгээс бүрдэнэ.

Үдээс өмнө нэгдсэн хуралдаан, үдээс хойш гадаад хэл болон байгалийн ухааны хичээл хоорондын уялдаа холбоог сайжруулах сургалтад AI хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах талаар хэлэлцүүлэг өрнүүлэн туршлага солилцох зорилготой салбар хуралдаан хэлбэрээр зохиогдоно. Иймд тус бага хурлын сэдвийн хүрээнд багш судлаачид Та бүхнийг илтгэл хэлэлцүүлж оролцохыг урьж байна. Илтгэгчдийн тоо хязгаартай тул 2025 оны 09-р сарын 29-ны 13:00 цаг хүртэл teachersymposium@gmit.edu.mn хаягаар илтгэлийн хураангуй болон бүртгэлээ илгээнэ үү. 

✅ Удирдамж, дэлгэрэнгүй мэдээлэл

✅  Хураангуй бичих загвар

✅  Бүртгүүлэх

✅ Цахим шуудан: teachersymposium@gmit.edu.mn 

✅ Цахим хуудас: www.gmit.edu.mn 

✅ Утас:96069601