Өвөр Монголын Технологийн их сургуулийн төлөөлөгч МГТИС-д зочиллоо

БНХАУ-ын Өвөр Монголын Технологийн их сургууль, Гадаад боловсролын сургуулийн Гадаад хамтын ажиллагаа, солилцооны хэлтсийн дэд захирал Чао Люмен харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилгоор Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд зочиллоо.

Ноён Чао Люменийг МГТИС-ийн Захирал Б.Батцэнгэл болон бусад багш, мэргэжилтнүүд хүлээн авч уулзан, сургуулийн хотхон болоод сургалтын үйл ажиллагаатай танилцуулсан юм. Тус хоёр их сургууль нь сургалт судалгаа, багш-оюутан солилцоо, оюутан элсүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг онцлон, хамтын ажиллагааг цаашид  өргөжүүлэх асуудлыг хөндөн ярилцлаа.

Өвөр Монголын Технологийн их сургууль нь инженерийн боловсролыг дэмжих зорилгоор 1958 онд Цынхуа их сургуулийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан, өдгөө 28 мянга гаруй оюутантай их сургууль юм. Тэдгээрээс 22,700 нь бакалаврын, 5,100 орчим нь магистр болон докторын түвшний оюутнууд байдаг ажээ.