“GIZ-GMIT” төслийн 4-р үе шатны төлөвлөлтийн хурал амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хэлэлцээрийн дагуу 2013 онд байгуулагдсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн төслийн 4 дүгээр үе шатны төлөвлөлтийг хэлэлцэх уулзалт арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээг “GIZ-GMIT” төслийн зүгээс 2024 оны 1-р сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, ХБНГУ-ын Элчин сайдын яам, GIZ Суурин төлөөлөгчийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (KfW), “GIZ-GMIT” төсөл болон МГТИС-ийн төлөөллүүд оролцож, төлөвлөлтийг зургаан сэдвийн хүрээнд хэлэлцлээ. Ингэхдээ Хүний нөөц, зорилтот суралцагчдын сонирхлыг төрүүлэх, Хэрэглээний шинжлэх ухааны судалгаа, сургалтын чиглэлээр хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, Магадлан итгэмжлэл болон ногоон хотхоныг хөгжүүлэх, МГТИС-д Англи, Герман хэлний мэдлэгийг дээшлүүлэх, Дижиталчлал, холимог сургалтын арга зүйг хөгжүүлэх, мөн Олон талт байдал, оролцоог нэмэгдүүлэх гэсэн зургаан чиглэлээр багийн ажиллагаа зохион байгуулж, зорилгоо тодорхойлон үе шаттай арга хэмжээг ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

МГТИС нь чанарын баталгаажуулалтын хөгжүүлэлтийн хүрээнд “GIZ-GMIT” төслийн өмнөх гурван үе шатанд сургалт судалгааны дэвшилтэт арга зүйг нэвтрүүлэх, Германы сургалтын хөтөлбөрийг загвар болгон хэрэгжүүлэхээр зорьж, мөн 150 гаруй инженерийг амжилттай төгсгөн, давхардсан тоогоор 755 оюутанд 5.1 тэрбум төгрөгийн тэтгэлгийг олгоод байна.