“Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх сургалт” төслийг амжилттай хэрэгжүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментаас Олон Улсын Солилцооны хөтөлбөр (IVLP)-ийн “Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх сургалт” төслийг 2023 оны 12-р сарын 2-оос 13-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүллээ. Төсөлд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Санхүү, эдийн засгийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль болон “Гэгээ” төрийн бус байгууллага хамрагдсан юм.

Төслийн багийнхан энэ хугацаанд Вашингтон, Питтсбург, Нью-Йорк хотуудад сургалт, судалгааны байгууллагуудад зочлон, танилцуулга болон богино сургалтуудад хамрагдлаа. Тухайлбал, Вашингтон хотод IVLP хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “FHI 360” төрийн бус байгууллагын IVLP хөтөлбөрийн танилцуулга, тус байгууллагын “Open” англи хэлний онлайн сургалтын хөтөлбөрүүд, “Education Culture Club” төвийн “Америкийн дээд боловсрол”-ын тогтолцооны мэдээлэлтэй тус тус танилцав. Мөн энэ үеэр Жорж Вашигтоны их сургууль, Жорж Мэйсоний их сургууль, Хуулийн сургуулиас гадна АНУ-ын Төрийн Департаментийн Боловсрол, соёлын харилцааны албанд зочилж, АНУ-ын Конгрессын музейг үзэж сонирхлоо.

Түүнчлэн Питтсбургийн их сургуулийн хамтын ажиллагаа, сургуулийн бүтэц, хөгжил, стратеги төлөвлөгөө, Олон улс судлалын төвийн профессор болон гадаад оюутан солилцооны хөтөлбөрийн сургалтад хамрагдаж, санал бодлоо солилцсон юм. Төслийн баг Төрийн департамент, гадаад, дотоодын засгийн газар, компанийн захиалгаар төрийн бодлого, боловсрол судлалаар судалгаа хийдэг “RAND” корпорацын Питтсбург дэх салбар, Карнеги Меллон их сургуулийн судалгааны бодлого зохицуулалт, их сургуулийн кампус хөгжүүлэх туршлагатай танилцан, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хөтөлбөрийн сүүлийн өдрүүдэд багийнхан Нью-Йоркийн их сургуулийн оюутны хотхоны төлөвлөлт, ногоон сургууль бүтээж буй үйл явц, эрдэм шинжилгээний солилцооны хөтөлбөр, сургалт, оюутан солилцоо, ЮНЕСКО-ийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, Байгалийн ухааны буюу эко-сургууль хөгжүүлэхээр баримталж буй бодлоготой танилцлаа. Мөн Колумбын их сургууль, Дэлхийн боловсролын төвд зочилж боловсролын төсөл, судалгаанууд, их сургууль хоорондын хамтын ажиллагааны талаарх туршлагаас танилцаж, хэлэлцсэн байна.