Эмэгтэйчүүдийн манлайллын нэтворкинг уулзалт болон Мэдлэгийн портал хүлээн авах арга хэмжээ боллоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын сургуульд MERIT төслийн багийнхан “Эмэгтэйчүүдийн манлайлал”-ыг дэмжих зорилготой цуврал нэтворкинг уулзалтаа 2023 оны 12-р сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад МГТИС-ийн захирал, Проф. Б.Батцэнгэл, MERIT төслийн Суурин төлөөлөгч Женнифер Адамс болон ЖҮХ, ТАЗ, УУХҮЯ, АМГТГ, Усны газар, ЦУНБХТ, ҮГА, МГТИС болон бусад төлөөллүүд оролцсон юм.

Мөн уулзалтын үеэр MERIT төслөөс боловсруулсан мэдээллийг нээлттэй байршуулдаг  Мэдлэгийн портал www.portal.merit.mn санг цаашид тогтвортой, нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор МГТИС-д хүлээлгэн өгөх гэрээг байгууллаа. Ийнхүү төслийн үр дүнд бүрдүүлсэн мэдлэгийн сангийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, түгээх ажлыг дэмжиж буйд талархаж байгаагаа төслийн суурин төлөөлөгч Женнифер Адамс онцоллоо.

“Эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалтын зочин илтгэгчээр Захирал, Проф. Б.Батцэнгэл уригдан оролцож, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, шийдвэр гаргалтад дуу хоолойгоо хүргэхийн ач холбогдлын талаар уулзалтад оролцогчидтой санал бодлоо хуваалцан, нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм.

Энэ удаагийн уулзалтын оролцогчид бүгд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ.
(Эх сурвалж: MERIT төсөл)