GIZ-GMIT төслийн удирдагч Др. Вулкопфийн зургийг Хүндэтгэлийн ханад өргөмжиллөө

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хамт олон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “GIZ-GMIT” төслийн удирдагч Др. Франк Вулкопфийг үдэх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Мөн энэ үеэр түүний зургийг МГТИС-ийн Хүндэтгэлийн ханад өргөмжилсөн юм.

Др. Вулкопф нь 2016-2023 оны хооронд энэхүү төслийн хоёр үе шатыг амжилттай удирдан ажиллах хугацаандаа МГТИС-ийн бакалаврын сургалтын дөрвөн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагаас, байгууллагын магадлан итгэмжлэлийг БМИҮЗ-өөс хүлээн авах үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн мэргэжилтнүүдийн нэг юм. Түүнчлэн КОВИД-19 цар тахлын үе дэх МГТИС-ийн хэвийн үйл ажиллагаа, хотхоны өргөтгөлийн төсөл, оюутны дотуур байрны фасад шинэчлэлт, техник тоног төхөөрөмжийн тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхэд олон талын дэмжлэг үзүүлсэн байдаг.

Мөн МГТИС-ийн эрдэмтэн, судлаач, оюутнуудад судалгааны төсөлдөө санхүүжилт босгох боломжийг олгодог Стратегийн судалгаа хөгжүүлэх сан (SRDF)-д Германы эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны (BMZ) дэмжлэгийг авчирч чадсан билээ. Олон улсын хэмжээнд, ялангуяа ХБНГУ дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутан солилцоо, дадлага, судалгааны хамтарсан төслүүд, багш ажилтны чадавхыг дээшлүүлэх сургалт арга хэмжээ, олон талт байдлыг бэхжүүлэхэд тэрээр гол үүрэг гүйцэтгэгч болж ажилласан юм.

Ийнхүү гүйцэтгэсэн ажил үүрэг нь Германы инженерийн сургалтын жишгийг Монголын дээд боловсролын салбарт нутагшуулан хөгжүүлэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулсан билээ.