МГТИС нь “Bloomberg TV Mongolia Awards 2023”-ын Шилдэг боловсролын байгууллагаар шалгарлаа

Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулан, бизнес, эдийн засаг, санхүүгийн салбарт манлайлан ажилласан шилдгүүдийг тодруулдаг “Bloomberg TV Mongolia Awards 2023” ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Блүүмберг телевизийн зүгээс тус арга хэмжээг 2013 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд салбар бүрээс шилдэг манлайлагчдыг тодруулан шагнадаг уламжлалтай. Энэ удаад шилдэг 10 манлайлагчийн нэгээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) тодорч, “Боловсролын салбарын шилдэг” шагналыг хүртлээ.

Ашигт малтмалын салбар дахь өндөр мэргэшсэн инженерүүдийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын засгийн газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн газар 2013 онд хамтран байгуулсан МГТИС нь төрийн өмчит хамгийн отгон их сургууль юм. Тус их сургууль нь Герман дахь түнш их сургуулиуд, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааныхаа хүрээнд сургалт, судалгаа, хүний нөөцийг чадавхжуулах болон оюутан солилцох, дадлагажуулах хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг Монголд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа.

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэнгээс “Times Higher Education” олон улсын эрэмбэ тогтоодог байгууллагын аргачлалын дагуу урьдчилан тогтоосон их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааны жагсаалтад МГТИС нь шилдэг арван их, дээд сургуулийн зургаадугаарт эрэмбэлэгдээд байгаа юм.