​МГТИС-ийн оюутнуудын Ахисан түвшний судалгааны төслийн тайланг олны хүртээл болголоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилтын хүрээнд Германы эрдмийн солилцооны алба (DAAD) болон бусад Германы түнш их сургуулиудын дэмжлэгтэйгээр 2020-2021 оны хичээлийн жилээс “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийг амжилттай эхлүүлээд байна.

Энэхүү магистрын сургалтын хөтөлбөрийн нэг онцлог болох “Ахисан түвшний судалгааны төсөл” хичээлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн "Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж"-тэй хамтран “Нүүрс, нүүрсний үнс, төмрийн хүдрийн хаягдал зэрэг хоёрдогч эх үүсвэрээс газрын ховор элемент гарган авах боломжийн судалгаа” сэдвээр 2022 онд амжилттай хэрэгжүүлж, тайланг англи, монгол хэлээр хэвлүүлэн гаргаад байна.

Энэ удаагийн судалгаанд магистрын нийт 11 оюутан оролцож, судалгааны үр дүнгээс “Эрдэс боловсруулалт-2022” болон “Хүрэлтогоот-2022” олон улсын эрдэм шинжилгээний хуралд танилцуулснаас гадна оюутан Б.Азжаргал Боловсрол, шинжлэх ухааны Сайдын нэрэмжит судалгааны грант авсан юм.

Төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж хамтран ажилласан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн "Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж", Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, дээж авахад хамтран ажилласан компаниудад болон тайланг хэвлэхэд дэмжлэг үзүүлсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-т талархлаа илэрхийлье.

МГТИС-ийн зүгээс уул уурхай, аж үйлдвэрийн компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай дараагийн төсөлт хичээлийг хамтран хэрэгжүүлэхэд нээлттэй байх болно.