МГТИС-ийн багш нарын IX бага хурал заахуй, суралцахуйн сэдвийг онцоллоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн IX бага хурал “Заахуй, суралцахуй” сэдвээр ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежууд, ЕБС-ийн багш, судлаачдын дунд танхим болон цахимаар 2022 оны 10-р сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус бага хурал нь зайн сургалттай холбоотойгоор “Боловсрол ба технологи” сэдвийг онцолж байв. Энэ удаагийн бага хуралд оролцогчид заах арга зүйн өнөөгийн байдал, цар тахлын (COVID 19) дараах үеийн суралцагчдын сэтгэл зүй, сургалтын орчинд хувьсаж буй өөрчлөлт, боловсролын салбар дахь цахим шилжилт шийдлийг хөндсөн сэдвээр илтгэл танилцуулсан байна. Оролцогч багш нар холбогдох сэдвийн дагуу заахуй, суралцахуйн арга барил, туршлагаа хуваалцан, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ саналаа солилцон нээлттэй ярилцсан юм. Түүнчлэн салбар хуралдаанууд математик, физик, хими болон англи, германы хэлний хичээл тус бүрээр явагдаж, мэргэжлийн багш нар нь сайжруулах санал санаачилгуудаа хэлэлцлээ.

Энэхүү бага хурлын хамтран зохион байгуулагчаар Налайх дүүргийн Боловсролын хэлтэс ажиллаж, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Техник технологийн дээд сургууль, Техник технологийн политехник коллеж, “Мексим Консалтинг” ХХК, Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй, Дархан Эмпати, Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19-р сургууль, Дорнод аймгийн Дорнод ахлах сургууль, Нийслэлийн Шинэ эрин, Монгол тэмүүлэл, Орчлон зэрэг олон улсын дунд сургууль, Монгени цогцолбор, Хобби сургууль, Олонлог төв сургууль, Шинэ үе сургууль, Тэрэлж боардинг сургууль, Налайх дүүргийн Голомт цогцолбор, Эрдмийн оргил цогцолбор, 119-р сургууль, 109-р сургууль, 103-р сургууль, Насан туршийн боловсролын төвөөс нийт 100 гаруй багш судлаач оролцлоо.

Хурлын үеэр МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, Шинжлэх ухааны боловсролын инновацын төвийн захирал Д.Улам-Оргих “Багшийн үүрэг бол хөтөлбөрт хичээл заах бус хүүхэд бүрийг хөгжүүлэх явдал юм. Бид Монгол хүнээ хөгжүүлэх шинэ эгэл арга зүйг боловсруулан нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Мөн Дархан-Уул аймгийн 19-р сургуулийн Сургалтын менежер Ч.Оюун-Эрдэнэ “Хувьсаж байгаа боловсролоо дагаад багш нарын арга зүй өөрчлөгдөх шинэ эриний дижитал хүүхдийг хэрхэн хөгжүүлж төлөвшүүлэх нь багш нарын өмнө тулгамдаж буй асуудлын нэг болж байна. Хэдийгээр богино хугацаанд санал бодлоо солилцсон ч харилцан туршлага солилцож, цаашид хамтран ажиллах боломж хүн болгонд нээлттэй байгаад өнөөдрийн хурлын ач холбогдол оршино. Энэхүү бага хурал нь бага-дунд, дээд боловсролын байгууллагуудын залгамж холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн өгүүллээ.