МГТИС-ийн шинэ оюутны “Orientation Week” хөтөлбөрт 130 гаруй оюутан хамрагдлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элссэн Инженерийн бэлтгэл хөтөлбөр болон Бакалаврын нэгдүгээр курсийн нийт оюутнуудад зориулан чиглүүлэх сургалт “Orientation Week” хөтөлбөрийг зохион байгууллаа.

Шинэ хичээлийн жил эхлэхийн өмнөх долоо хоногийн хугацаанд зохион байгуулагддаг уг хөтөлбөр нь МГТИС-ийн нэгэн гишүүн болж, шинээр элсэн суралцаж буй оюутан бүрд сургуулийн тухай бүрэн дүүрэн мэдээлэл өгч, оюутны хотхондоо дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой уламжлалт арга хэмжээ юм.

Хөтөлбөрийн хүрээнд сургуулийн Эрхэм зорилго, Алсын харааг сурталчлан таниулахаас гадна сургалтын хөтөлбөрүүд, олон соёлын өвөрмөц онцлогийг тусгасан бодлого чиглэл, үйл ажиллагаа, хотхоны амьдрал, багш ажилтнууд, Оюутны зөвлөл, Оюутны клубийн үйл ажиллагааг танилцуулдаг. Түүнчлэн МГТИС-ийн сургалтын хөтөлбөрийн зохицуулагч профессорууд болон салбарын зочин мэргэжилтнүүд цаашид шаардлагатай мэргэжил сонголтын зөвлөмжийг өгч, Оюутны клубийн зүгээс хичээлийн хажуугаар өөрийгөө хөгжүүлж авьяас чадвараа нээх ямар боломжууд байгаа талаар нээлттэй яриа өрнүүлдэг.

“Orientation Week” нь шинэ оюутнуудын хувьд МГТИС-ийн хотхонд дасан зохицож, цаашид амжилттай суралцах эхлэлийг нь тавьж өгдөг чухал арга хэмжээ юм.