МГТИС-ийн оюутнууд Герман багш нарын удирдлага дор зуны хөтөлбөрт хамрагдлаа

Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-аас Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутнуудад зориулан “Түүхий эдийн хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл - Уул уурхайн хайгуулаас нөхөн сэргээлт хүртэлх дамжлага” сэдэвт зуны сургалтыг 2022 оны 8-р сарын 26-аас 31-ний өдрүүдэд Мандал резортод зохион байгууллаа.

Тус хөтөлбөрийг 2014 оноос хойш жил бүрийн зуны улиралд зохион байгуулж, МГТИС-ийн хоёроос дөрөвөдүгээр курсийн 15 орчим оюутныг ХБНГУ-ын Фрайберг хотноо зуны сургалтад хамруулдаг байсан нь КОВИД-19 цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цуцлагдаад байсан юм. Сургалтад Германы эрдмийн солилцооны албаны Хөтөлбөрийн менежер хатагтай Голрох Анзари-Ха, МГТИС-ийн ХБНГУ дахь гол түнш Фрайбергийн Техникийн их сургуулийн Профессор Карстен Дребенштедт, судлаач багш Сибастиан Россов, Аахены Техникийн их сургуулийн Доктор Мартин Книпертц, Малте Гизенов, Георг Штаух, Денниз Волф,  Бранденбургийн Технологийн их сургуулийн Профессор Райнер Херд болон МГТИС-ийн  Хүрээлэн буй орчны дадлагажигч багш Др. Т.Нарангарав, туслах ажилтан У.Мөнхзаяа нар оролцлоо.

Сургалтын хүрээнд геологийн хайгуулын аялал, алсын зайн мэдрэгчтэй хайгуулын дроны нислэг, байгалийн нөөцийн судалгаа буюу геофизикийн дадлага ажил, уурхайн мөчлөгийн үед явагдах үйлдвэрлэл, боловсруулалт, агаарын бохирдол, уул уурхайн эдийн засгийн үр дагавар, экосистемийн үйлчилгээний үнэлгээ зэрэг уул уурхайн салбарт хамаарах олон сэдэв, чиглэлээр лекц тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн, дадлагын богино аяллууд зохион байгуулж ажилласан юм.