“ADRIANA MONGOL” төслийн багийнхан МГТИС-д хамтарсан уулзалт хийлээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2022 оны 8-р сарын 22-ны өдөр “ADRIANA MONGOL” төслийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад ХБНГУ-ын Зөвлөгөө, бизнес менежментийн нийгэмлэг (CBM) болон МГТИС-ийн удирдлагууд, профессор судлаачид оролцож, судалгааны ажлын одоогийн явц, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлдлөө.

“ADRIANA MONGOL” нь Германы “BMBF CLIENT II” ADRIANA төслийн нэг хэсэг бөгөөд олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй түүхий эдийг боловсруулах, хаягдал материалыг дахин ашиглаж үр ашгийг нь нэмэгдүүлэх, тэдгээрийн техник эдийн засгийн үндэслэлийг тогтоох зорилготой судалгааны төсөл юм.

Төслийн хүрээнд үйлдвэрлэлийн талбар дахь дахин ашиглагдах үнэ цэнтэй материалын нөөц боломжийг тогтоох, зайнаас тандан судлах 3 хэмжээст технологийг хослуулан ашиглах ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Үүний дагуу Монгол Улсын Эрдэнэт хотод зэсийн хүдэр боловсруулах явцад үүссэн үлдэгдлийг тунадасжуулах ажлыг судлан гүйцэтгэж байна.