ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ, СУДАЛГАА ИННОВАЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ, СУДАЛГАА ИННОВАЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ

Улаанбаатар хот | 2026 оны 10 дугаар сарын 14

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран “Чухал ашигт малтмал – Боломж ба сорилт” олон улсын дугуй ширээний бага хурал, хамтын ажиллагааны семинарыг 2026 оны 10 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Чухал ашигт малтмал нь эрчим хүчний шилжилт, дэвшилтэт технологи, аж үйлдвэрийн хөгжил болон олон улсын стратегийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзэлж буй энэ үед Монгол Улсын нөөцийг эдийн засгийн бодит боломж, тогтвортой хамтын ажиллагаа болгон хөгжүүлэхэд бодлого, судалгаа, инновацын уялдаа холбоо онцгой ач холбогдолтой юм.

Хоёр өдрийн арга хэмжээнд төрийн байгууллагууд, аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын түншүүдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарын бодлого, стратеги, олон улсын зах зээлд холбогдох боломж, судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Эхний өдрийн дугуй ширээний бага хурлаар Монгол Улсын чухал ашигт малтмалын гадаад бодлого, стратегийн нөөцийн удирдлага, Европын хэтийн төлөв, Герман руу чиглэсэн газрын ховор элементийн нийлүүлэлтийн боломж, салбарын оношилгооны арга хэрэгсэл зэрэг сэдвийг хөндөж, чухал ашигт малтмалын нөөцөөс стратегийн өртгийн сүлжээ бий болгох асуудлаар панел хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Харин хоёр дахь өдрийн хамтын ажиллагааны семинар нь Монголын Чухал ашигт малтмалын судалгаа, инновацын төв (Research and Innovation Hub, R&I Hub)-ийн үзэл баримтлалыг хамтран боловсруулахад чиглэнэ. Оролцогчид Герман, Монгол болон бусад орны их сургууль–аж үйлдвэрийн хамтын ажиллагааны туршлагад тулгуурлан судалгаа, инновацын түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хэлэлцэнэ.

Энэхүү санаачилга нь чухал ашигт малтмалын салбарын тулгамдсан асуудлыг зөвхөн бодлогын түвшинд хэлэлцэхээс гадна судалгааны байгууллага, их сургууль, аж үйлдвэрийн салбар болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг бодитой хөгжүүлэх, цаашдын хамтарсан судалгаа, инновацын төслүүдийн үндэс суурийг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа ач холбогдолтой юм.