САКСОН МУЖ УЛСЫН ЗГХЭГ-ЫН ДАРГА, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДР. АНДРЕАС ХАНДШУ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МГТИС-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
САКСОН МУЖ УЛСЫН ЗГХЭГ-ЫН ДАРГА, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДР. АНДРЕАС ХАНДШУ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МГТИС-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026 оны 09 дүгээр сарын 08 | МГТИС-ийн кампус
Саксон муж улсын ЗГХЭГ-ын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшу тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд (МГТИС) албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Саксон муж улсын Засгийн газар, тус мужийн их, дээд сургуулиудын төлөөлөл болон МГТИС-ийн удирдлага, профессор, багш нар уулзаж, боловсрол, шинжлэх ухаан, судалгааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Айлчлалыг МГТИС-ийн Ректор Проф. Б.Батцэнгэл нээж, Др. Андреас Хандшу зочдын төлөөлөл болгон мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ үеэр МГТИС-ийн оюутнуудад DAAD-ийн TNB болон Sur-Place тэтгэлгийг гардуулах ёслол зохион байгуулагдсан бөгөөд энэ жил Sur-Place тэтгэлэгт 35 оюутан, TNB тэтгэлэгт бакалаврын 7, магистрын 1 оюутан тус тус шалгарч, тэтгэлгээ гардан авлаа. Тэтгэлэг гардуулах ёслолд Фрайбергийн уул уурхайн академи, Техникийн их сургуулийн профессор, судалгааны багийн удирдагч Проф. Др. Карстен Дрэвенштедт оролцож, оюутнуудад баяр хүргэн, цаашдын сурлага, судалгааны ажилд нь амжилт хүслээ.
Үүний дараа төлөөлөгчид МГТИС-ийн сургалт, судалгааны орчинтой танилцаж, Эрчим хүч, цахилгааны инженерийн лаборатори, Боловсруулалтын лаборатори, Номын сан, Физикийн лаборатори, Химийн лаборатори, Ашигт малтмалын дэвшилтэт шинж чанарын лаборатори зэрэгтэй танилцлаа. Мөн МГТИС-ийн ашигт малтмалын дээжийн цуглуулга болон кампусын архитектурын загварыг үзэж сонирхов.
Айлчлалын хүрээнд зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгээр МГТИС болон Саксон мужийн их, дээд сургуулиудын хооронд өнөөг хүртэл хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны боломжууд болон “1,000 инженер” хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Хэлэлцүүлэгт Саксон мужийн Засгийн газар болон Муж улсын Их Хурлын төлөөлөгчдөөс гадна Циттау/Гёрлицын дээд сургууль (HSZG), Фрайбергийн уул уурхайн академи – Техникийн их сургууль (TU Bergakademie Freiberg), Дрездений техник, эдийн засгийн дээд сургууль (HTW Dresden)-ийн удирдлагууд оролцсон юм.
Мөн айлчлалын үеэр МГТИС нь Саксон мужийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр Циттау/Гёрлицын дээд сургуультай (HSZG) Харилцан ойлголцлын санамж бичиг (MoU) болон Дрездений техник, эдийн засгийн дээд сургуультай (HTW Dresden) Хамтын ажиллагааны гэрээ (Agreement of Cooperation) тус тус байгууллаа. Эдгээр баримт бичиг нь сургалт, судалгаа, академик солилцоо болон инженерийн боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх суурь болж байна.
Ийнхүү Др. Андреас Хандшу тэргүүтэй төлөөлөгчдийн МГТИС-д хийсэн албан ёсны айлчлал нь Монгол, Саксон муж хоорондын боловсрол, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын шинэ боломжуудыг тодорхойлох чухал уулзалт болж, дурсгалын зураг авхуулснаар өндөрлөлөө.