Цаг уурын эрс тэс уур амьсгалтай нөхцөл дэх эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж ( CEBEC )

Орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнээр Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын бараг тэн хагас нь оршин сууж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хот нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдлын төв цэг болсон. Нэг томоохон шалтгаан нь -40 хэм хүрдэг тэсгэм хүйтэн өвлийн улиралд гэр хорооллын айлууд монгол гэрийг дулаацуулахад ашигладаг нүүрсний хэрэглээ юм. 2018 оны байдлаар Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээ нэг сая тоннд хүрснээр агаарын бохирдол оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Монгол улсын засгийн газар, төрийн бус болон олон улсын байгууллагууд энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс цуврал арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд бүхий л шийдэл нь зөвхөн түлшний чанар, түүний хэрэглээг сайжруулахад чиглэсэн байдаг. Гэвч монгол гэрийн материал нь дулаан тусгаарлалт буюу дулаан хадгалалт муутай байдаг тул дээр дурдсан ажлуудын хэрэгжилт агаарын бохирдлыг хангалттай бууруулж чадаагүй. Энэ нь Монгол улсад баригдаж, ашиглаж буй нийт барилга байгууламжуудын хувьд түгээмэл анхаарах шаардлагатай асуудал болохыг онцлох нь зүйтэй.  Иймд Монгол улсын хувьд бусад улстай харьцуулахад барилга байгууламжийн дулаан тусгаарлалтыг сайжруулан эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах бусад арга хэмжээнээс хамгийн үр нөлөөтэй байна гэж дүгнэсэн. Энэ чиглэлээр мэргэшин ажиллах эрдэмтэн, мэргэжилтэн болон инженерүүдийн мэдлэг чадварын дутмаг байдал нь тулгамдсан асуудал болоод байна. Үүнд боловсролын байгууллагын оролцоо чухал үүрэгтэй юм.