СУДАЛГААНЫ САНААГ БОДИТ ҮР ДҮН БОЛГОХ НЬ: МГТИС-ИЙН SRDF 2025–2026 СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

СУДАЛГААНЫ САНААГ БОДИТ ҮР ДҮН БОЛГОХ НЬ: МГТИС-ИЙН SRDF 2025–2026 СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Стратегийн судалгаа, хөгжүүлэлтийн сан (Strategic Research and Development Fund – SRDF)-гийн 2025–2026 оны санхүүжилтийн мөчлөгийг амжилттай дуусгаж, судлаачид, оюутнууд болон аж үйлдвэрийн салбарын түншүүдтэй хамтран хэрэгжүүлсэн хэрэглээний судалгааны 10 төслийн үр дүнг танилцууллаа.

2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр МГТИС-ийн кампуст зохион байгуулагдсан хаалтын арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Боловсролын яамны төлөөлөл, МГТИС-ийн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаачид болон хамтран ажиллагч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцож, төслүүдийн үр дүнг дүгнэхийн зэрэгцээ их сургууль, бизнес, үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

СУДАЛГААНЫ САНААГААС ХЭРЭГЛЭЭНИЙ ШИЙДЭЛ ХҮРТЭЛ

Анх 2017 онд хэрэгжиж эхэлсэн SRDF нь МГТИС-ийн хэрэглээний болон салбар дундын судалгааг дэмжих, залуу судлаачдад судалгааны боломж олгох, Монголын аж үйлдвэрийн салбар болон олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай түншлэлийг хөгжүүлэх зорилготой санхүүжилтийн механизм юм.

2025–2026 оны санхүүжилтийн мөчлөгт сонгогдсон 10 төсөл нь эрдэс баялаг, ашигт малтмалын боловсруулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, компаниудтай хамтран хөгжүүлэх шинэ технологи болон байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжлээ.

SRDF-ийн гол онцлог нь судалгааны төслүүдийг их сургууль болон аж үйлдвэрийн салбарын хамтын санхүүжилтэд тулгуурлан хэрэгжүүлдэгт оршино. Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд оролцогч компани, түнш байгууллагууд судалгааны нийт зардлын 50 хувийг, үлдсэн 50 хувийг SRDF санхүүжүүлсэн юм.

Ийнхүү хамтын санхүүжилтийн механизм нь компаниудын үйл ажиллагаанд тулгарч буй бодит асуудлыг судалгаанд суурилан шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ судлаачдын судалгааны чадавхыг нэмэгдүүлж, оюутнуудад практик туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

10 СУДАЛГААНЫ ТӨСӨЛ, ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

2025–2026 оны санхүүжилтийн мөчлөгийн хүрээнд дараах 10 судалгааны төсөл хэрэгжлээ:

- GPCF – SRDF1

- SWAN – SRDF4

- HEATING – SRDF5

- PROFLOD – SRDF6

- MOLI – SRDF7

- HFSpar – SRDF10

- ToSMM – SRDF11

- Prolix – SRDF15

- SGS – SRDF14

- LANDFIT – SRDF18

Төслүүдийн хүрээнд судлаачид лабораторийн туршилт, судалгааны аргачлал боловсруулах, технологийн шийдэл турших, цаашдын өргөн хүрээний судалгааны суурь үр дүн гаргах чиглэлээр ажилласан бөгөөд Германы, Өмнөд Солонгосын болон Малайзын эрдэм шинжилгээний байгууллага, аж үйлдвэрийн түншүүдтэй хамтран ажилласан нь олон улсын мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Мөн судалгааны төслүүдэд оюутнууд оролцсоноор лабораторийн орчинд ажиллах, онолын мэдлэгээ практикт хэрэглэх, үйлдвэрлэлийн бодит асуудалд тулгуурлан судалгааны ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдсэн юм.

 СУДАЛГААНЫ ДЭД БҮТЭЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ

SRDF хөтөлбөрөөс гадна МГТИС-ийн судалгааны чадавхыг урт хугацаанд бэхжүүлэх зорилгоор GMIT IV төсөл нь судалгааны дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Үүнд шинэ судалгааны лаборатори бүхий олон зориулалттай барилгын бүтээн байгуулалт болон төрөлжсөн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах ажил багтаж байна.

Эдгээр хөрөнгө оруулалт нь судалгааны орчин, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулж, цаашид илүү өргөн хүрээний судалгаа, технологийн хөгжүүлэлт хэрэгжүүлэх суурийг бүрдүүлнэ.

НЭГ УДААГИЙН САНХҮҮЖИЛТЭЭС УРТ ХУГАЦААНЫ СУДАЛГААНЫ ХӨГЖИЛ РҮҮ

SRDF нь ирээдүйтэй судалгааны санааг эхний шатанд санхүүжүүлж, туршилт хийх, загвар боловсруулах, анхны үр дүн гаргах боломж олгодгоороо онцлог. Ийнхүү бий болсон үр дүн нь цаашдын өргөн хүрээний судалгаа, инновацын төсөл болон үндэсний, олон улсын хэмжээний санхүүжилтийн хөтөлбөрүүдэд өрсөлдөх үндэс суурь болдог.

Энэ удаагийн санхүүжилтийн мөчлөг амжилттай хэрэгжиж дууссан нь МГТИС-ийн хэрэглээний судалгааг хөгжүүлэх, судалгаа ба үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хувийн хэвшилтэй урт хугацааны түншлэл бий болгох үйл явцын нэгэн чухал алхам боллоо.

МГТИС-ийн SRDF хөтөлбөр нь GMIT IV төслийн хүрээнд Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжилтийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.