ГЕРМАНЫ ЭЛЧИН САЙД ТОМАС ГРАФ МГТИС-Д АНХ УДАА АЙЛЧИЛЛАА

ГЕРМАНЫ ЭЛЧИН САЙД ТОМАС ГРАФ МГТИС-Д АНХ УДАА АЙЛЧИЛЛАА

2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Томас Граф Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д анх удаа албан ёсны айлчлал хийлээ.

Энэхүү айлчлал нь МГТИС-ийн хэрэгжүүлж буй Стратегийн судалгаа, хөгжүүлэлтийн сан (SRDF2025) төслийн судалгааны төслүүдийн хаалтын арга хэмжээний үеэр зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Элчин сайд Томас Графын зүгээс МГТИС-ийн үйл ажиллагаа, сургалт, судалгааны орчин, материаллаг баазтай биечлэн танилцахад онцгой ач холбогдол өгч буй бөгөөд айлчлалын хүрээнд их сургуулийн кампусын танилцуулгыг хөтөлбөрийн эхэнд багтаасан байна.

Айлчлалын үеэр Элчин сайд болон дагалдан яваа төлөөлөгчид МГТИС-ийн Эрчим хүч, цахилгааны инженерчлэлийн лаборатори, номын сан, хими, физикийн лаборатори, Ашигт малтмалын дэвшилтэт шинжилгээний лаборатори, мөн ашигт малтмалын дээжийн сан болон их сургуулийн кампусын архитектурын загвартай танилцлаа.

Мөн МГТИС-ийн удирдлагуудтай уулзаж, их сургуулийн үйл ажиллагаа, боловсрол, судалгааны чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ оюутнуудтай хамт үдийн зоог барих юм.

Айлчлалд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Удо Вебер, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Суурин төлөөлөгч бөгөөд кластерын зохицуулагч Юрген Хартвиг, төслийн менежер Себастиан Буркхоф болон ахлах зөвлөх Б. Эрхэс нар оролцлоо.

МГТИС-ийн зүгээс Ректор Проф. Б. Батцэнгэл, Сургалт эрхэлсэн дэд захирал Проф. Ч. Энхзаяа, Механик, цахилгааны инженерчлэлийн факультетийн декан Проф. Л. Алтангэрэл болон Эрдэс баялаг, хүрээлэн буй орчны инженерчлэлийн факультетийн декан Проф. Г. Гантуяа нар төлөөлөн оролцлоо.

Энэхүү айлчлал нь Монгол, Германы боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, технологийн салбарын хамтын ажиллагааг бодит үр дүнгээр бэхжүүлэхэд МГТИС-ийн гүйцэтгэж буй үүрэг, хувь нэмрийг танилцуулах чухал боломж юм.