FALLING WALLS LAB ULAANBAATAR 2026 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

FALLING WALLS LAB ULAANBAATAR 2026 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Falling Walls Lab Ulaanbaatar 2026” олон улсын эрдэм шинжилгээ, инновацын илтгэлийн арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Герман Улсын Falling Walls Foundation-оос санаачлан зохион байгуулдаг Falling Walls Lab нь залуу судлаач, инновац бүтээгчдийн шинэлэг санаа, судалгааны үр дүнг олон улсын түвшинд танилцуулах, салбар хоорондын хамтын ажиллагаа, шинжлэх ухааны харилцаа холбоог дэмжих зорилготой юм.

Энэ удаагийн Falling Walls Lab Ulaanbaatar 2026 арга хэмжээг Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой-н хүрээнд зохион байгуулж, Монгол, Герман болон бусад орны судлаач, оюутан, инновац бүтээгчид оролцлоо.

Арга хэмжээний нээлтийн үеэр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хана Беккер, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Ректор, профессор Б.Батцэнгэл нар мэндчилгээ дэвшүүлэв.

Гурван талын байр суурь

МГТИС-ийн Ректор, профессор Б.Батцэнгэл:

“МГТИС нь 2019 оноос хойш Falling Walls Lab Mongolia тэмцээнийг зохион байгуулж, залуу судлаач, шинийг санаачлагчдад шинэ, дэвшилтэт санаагаа олон нийтэд болон олон улсад танилцуулах боломжийг олгож ирсэндээ баяртай байдаг. Шинэ үеийн авьяаслаг шинийг санаачлагчид тогтсон хил хязгаарыг давж, өөрсдийн санаа, шийдлээр дэлхийд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаад бид баяртай байна.”


ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хана Беккер:

“Герман болон Монгол Улс нь боловсролын салбарын харилцаа, солилцооны зуун жилийн түүхтэй. Falling Walls Lab нь энэхүү урт удаан уламжлалыг шинэ үеийнхэнтэй холбон, Монголын залуу судлаачдад өөрсдийн санаа, бүтээлээ хөгжүүлэх, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, ирээдүйг бүтээлцэх боломжийг олгож байна.”


DAAD-ийн багш Даниел Матисяк:

“Герман, Монгол хоёр улс шинжлэх ухааны солилцоо, хамтын ажиллагааны 100 жилийн түүхтэй. Бидний хувьд энэхүү ой нь өнгөрснөө дүгнэхийн зэрэгцээ ирээдүйгээ харах боломж юм. Шинэ үеийнхэн шинэ асуулт, шинэ санаа, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг бий болгож байна. Falling Walls Lab нь залуу судлаачид өөрсдийн үзэл бодол, шийдлээ танилцуулж, Монгол Улсынхаа хилээс даван олон улсад танигдах боломжийн тод жишээ юм. DAAD тэтгэлэг, хөтөлбөрүүдээрээ дамжуулан залууст энэхүү солилцоог үргэлжлүүлэх, суралцах болон судалгаа шинжилгээний салбарт өөрсдийн замналаа бүтээх боломж олгохыг зорьдог.”


Энэ жилийн Falling Walls Lab-д шалгарсан 9 оролцогч өөр өөрийн судалгаа, инновацын санааг богино хугацаанд танилцуулж, олон улсын түвшний шүүгчдийн бүрэлдэхүүн болон оролцогчдоос асуулт авч, судалгааныхаа практик ач холбогдлыг хэлэлцлээ.

Илтгэлүүд нь хиймэл дагуулын IoT сүлжээ, бохир ус цэвэршүүлэх ба эрчим хүч үйлдвэрлэх технологи, ухаалаг хог ангилан ялгах систем, генетик ба ховор өвчин, макро эдийн засаг, цөмийн физик, батарейн материал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан протезийн технологи, эмийн аюулгүй байдал зэрэг шинжлэх ухаан, технологийн олон салбарыг хамарсан юм.

Мөн арга хэмжээний хүрээнд “ENGAGEx Science Communication – 100 Years of Mongolian-German Educational Cooperation” тусгай хөтөлбөр зохион байгуулагдаж, Герман Улсад суралцах, судалгаа хийх боломж, МГТИС-ийн судалгааны үйл ажиллагаа, Sur-Place тэтгэлэг болон Монгол-Германы академик хамтын ажиллагааны талаар мэдээлэл, туршлага хуваалцлаа.

Falling Walls Lab Ulaanbaatar 2026-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг МГТИС-ийн Ректор, профессор Б.Батцэнгэл тэргүүлж, Австралийн Deakin University-ийн Emeritus профессор Julie Anne Owens, Монголын Шүдний холбооны Ерөнхийлөгч Dr. Tsengelsaikhan Nyamdorj, МУИС-ийн дэд профессор Dr. Enkhtur Erdenebileg, Малайзын Asia Pacific University of Technology & Innovation-ийн ахлах багш Ir. Dr. Hafisoh Binti Ahmad нар ажиллан, биечлэн болон цахимаар оролцлоо.

Өлзийбаяр Сумъяажид Falling Walls Lab Ulaanbaatar 2026-д тэргүүллээ

Тэргүүн байр — Өлзийбаяр Сумъяажид, эрчим хүч, цахилгааны инженер, бие даасан судлаач. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн төгсөгч тэрээр тогтвортой технологи, автоматжуулалт, хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг бөгөөд хог хаягдлыг автоматаар ангилан ялгах ухаалаг хогийн савны прототип хөгжүүлж байна.

Хоёрдугаар байр — материал судлал, инженерийн докторант Ганцэцэг Дорлигжав. Түүний судалгаа литийн нөөц, батерейн материал болон эрчим хүчний шинэ технологид чиглэдэг.

Гуравдугаар байр — цөмийн физик, технологийн оюутан Бигүл Досымова. Тэрээр нанотехнологи, цацраг илрүүлэлт, квантын тээвэрлэлт зэрэг дэвшилтэт чиглэлээр судалгаа хийж байна.

Ийнхүү Falling Walls Lab Ulaanbaatar 2026 нь шинжлэх ухаан, инновацын шинэ санааг холбох, залуу судлаачдын бүтээлч сэтгэлгээг дэмжих, Монгол Улс болон олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болж өндөрлөлөө.

Falling Walls Lab Ulaanbaatar 2026 арга хэмжээг зохион байгуулахад оролцсон нийт хамтрагч байгууллага, шүүгчид, илтгэгчид, судлаачид, оролцогчдодоо талархал илэрхийлье.