МГТИС 2026–2027 оны хичээлийн шинэ жилийг “Цахим шилжилтийн жил” болгон зарлалаа
МГТИС 2026–2027 оны хичээлийн шинэ жилийг “Цахим шилжилтийн жил” болгон зарлалаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол боллоо. Энэ үеэр МГТИС-ийн Ректор шинэ хичээлийн жилийг “Цахим шилжилтийн жил” болгон зарлаж, өнгөрсөн хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд болон цаашдын зорилтоо танилцууллаа.
Ректор нээлтийн үеэр шинээр элсэж буй 150 оюутан, 31 ИБХ хөтөлбөрийн оюутнууддаа халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, тэднийг МГТИС-ийн гэр бүлийн нэг хэсэг болж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр “МГТИС-д суралцах он жилүүд нь мэдлэг, шинэ нээлт, нөхөрлөл, хувь хүний хөгжил, ирээдүйн ажил мэргэжлийн амжилтад бэлтгэх үнэ цэнтэй үе байх”-ыг нийт оюутнууддаа хүсэн ерөөв.
Чанар, судалгаа, инновацын суурийг бэхжүүлсэн жил
Өнгөрсөн хичээлийн жил МГТИС-ийн хувьд олон улсын болон үндэсний түвшинд чухал амжилтуудыг гаргасан жил байлаа. Тус сургуулийн бүх зэрэг олгох хөтөлбөр "ASIIN" байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлийг амжилттай авч, мөн Монголын Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн байгууллагын магадлан итгэмжлэлийг амжилттай гүйцэтгэсэн байна.
Эдгээр амжилт нь сургалтын хөтөлбөрүүдийн чанар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хангахын төлөөх МГТИС-ийн тууштай үйл ажиллагааны үр дүн юм.
2025–2026 оны хичээлийн жилийг МГТИС “Судалгаа, инновацын жил” болгон зарлаж, сургалт, судалгаа, инноваци болон үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарсан. Энэ хүрээнд багш, оюутнууд судалгааны төслүүдэд илүү идэвхтэй оролцож, үндэсний болон олон улсын байгууллага, их сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ.
Мөн багш нарын судалгааны төслүүдийг SRDF хөтөлбөрөөр дэмжсэн GIZ-д талархал илэрхийлж, судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн ажлуудыг онцоллоо.
Тухайлбал, Оюу Толгой компанийн хандивласан Mineral Liberation Analyzer (MLA) төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн минералогийн лаборатори нь оюутан, судлаачдад бодит судалгаа, инновацын үйл ажиллагаанд оролцох шинэ боломжийг бүрдүүлж байна.
МГТИС-ийн докторын хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ
Мөн МГТИС-ийн хувьд чухал ахиц болсон нэг ажил нь 'докторын хөтөлбөрөө амжилттай урьдчилсан магадлан итгэмжлүүлж", энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхлэх албан ёсны зөвшөөрлийг Боловсролын яамнаас авсан явдал юм.
Тус хөтөлбөрийг олон жилийн хамтын ажиллагаатай эрхэм түнш "RWTH Aachen University" болон бусад түнш их сургуулиудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Олон улсын хамтын ажиллагаа, мэдлэг түгээх үйл ажиллагаа
МГТИС нийгмийн хариуцлага, мэдлэг түгээх үүргийнхээ хүрээнд энэ зун Монгол Улсад анх удаа бага, дунд ангийн сурагчдын олон улсын математикийн олимпиадыг амжилттай зохион байгуулж, "32 орны 600 орчим оролцогчийг" нэг дор цуглуулсан байна.
Түүнчлэн БНСУ-ын түнш их сургуулиуд болох "KAIST, Konyang University" болон бусад их сургуулиудтай хамтран зуны сургалтуудыг амжилттай зохион байгуулжээ. Эдгээр сургалтад зөвхөн МГТИС-ийн оюутнууд төдийгүй Монголын бусад их, дээд сургуулийн оюутнууд хамрагдсан байна.
Ректорын хэлсэнчлэн, эдгээр амжилт бүхэн МГТИС-ийн хөгжлийн дараагийн үе шатны бат бөх суурийг бүрдүүлж байна.
“Чанар бидний суурь болж, судалгаа, инноваци бидний чадавхыг бэхжүүлж байна. Харин цахим шилжилт нь бидний хэрхэн зааж сургах, суралцах, судалгаа хийх арга барилыг шинэ түвшинд гаргахад тусална.”
2026–2027 оны хичээлийн жил – “Цахим шилжилтийн жил”
Энэ үеэр МГТИС-ийн Ректор 2026–2027 оны хичээлийн жилийг “Цахим шилжилтийн жил” болгон албан ёсоор зарлалаа.
Хиймэл оюун ухаан, автоматжуулалт, өгөгдөлд суурилсан технологи, ухаалаг системүүд нь үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарыг эрчимтэй өөрчилж буй өнөө үед инженерийн их сургуулийн хувьд МГТИС энэхүү өөрчлөлтөд бэлэн байх шаардлагатайг онцолсон юм.
Цахим шилжилт нь зөвхөн компьютер, программ хангамж, мэдээллийн технологийн шинэ систем нэвтрүүлэх тухай бус, харин заах, суралцах, харилцах, хамтран ажиллах, судалгаа хийх, мэдлэг бүтээх арга барилаа өөрчлөх үйл явц болохыг онцоллоо.
e-GMIT сургалтын шинэ орчныг бүрдүүлнэ
Цахим шилжилтийн хүрээнд МГТИС-ийн Moodle платформд суурилсан сургалтын удирдлагын систем болох e-GMIT-ийг өнөөдрөөс албан ёсоор нэвтрүүлж эхэлж байна.
e-GMIT нь зөвхөн лекцийн материал байршуулдаг платформ бус, оюутнууд сургалтын материалаа авах, даалгавраа илгээх, цахим үйл ажиллагаанд оролцох, багшийн санал зөвлөмж авах, өөрийн суралцах явцыг хянах боломжтой "нэгдсэн цахим сургалтын орчин" болгон хөгжүүлэх зорилготой.
Багш нарын хувьд e-GMIT нь сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, оюутнуудын мэдлэг, чадварыг үнэлэх, сургалтын шинэ арга барил нэвтрүүлэх олон шинэ боломжийг бий болгоно.
Цаашид e-GMIT-ийг үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдээс гадна "мэргэжил дээшлүүлэх сургалт, богино хугацааны сургалт, насан туршийн боловсрол болон үйлдвэрлэлийн түншүүдэд зориулсан сургалтын платформ" болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Оюутнуудыг хиймэл оюун ухааны эринд бэлтгэнэ
“Цахим шилжилтийн жил”-ийн бас нэг чухал чиглэл нь оюутнуудыг хиймэл оюун ухааны хөгжилд бэлтгэх явдал юм.
Хиймэл оюун ухаан нь ашигт малтмалын хайгуул, боловсруулалт, эрчим хүч, үйлдвэрлэл, байгаль орчны мониторинг, зураг төсөл, загварчлал зэрэг инженерчлэл, үйлдвэрлэлийн олон салбарыг өөрчилж эхэлжээ.
Иймээс МГТИС оюутнуудаа хиймэл оюун ухааныг зөвхөн ашигладаг бус, "түүнийг бүтээлчээр, шүүмжлэлтэй сэтгэлгээгээр, хариуцлагатайгаар ашигладаг инженерүүд" болгон бэлтгэхийг зорьж байна.
“Технологи бол хэрэгсэл. Харин түүнийг хүн ашиглаж, илүү сайн амьдралыг бүтээдэг.”
“Хэзээ ч суралцахаа бүү зогсоогоорой”
Ректор шинээр элсэж буй оюутнуудад хандан, тэд их сургуулийн боловсрол эзэмших хамгийн сонирхолтой, хамгийн эрчтэй өөрчлөгдөж буй цаг үед МГТИС-д элсэн орж байгааг онцоллоо.
Оюутнуудыг МГТИС-ийн олгож буй боломж бүрийг ашиглаж, профессор, багш нараасаа суралцах, идэвхтэй байх, асуулт асуух, бие биенээсээ суралцах, лаборатори болон e-GMIT-ийг ашиглах, судалгаа шинжилгээнд оролцох, шинэ технологийг судалж турших, үндэсний болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллахыг уриалсан юм.
“Хамгийн чухал нь, хэзээ ч суралцахаа бүү зогсоогоорой” хэмээн онцлон тэмдэглэв.
Монгол Улсын технологийн өөрчлөлтөд хувь нэмэр оруулах инженерүүд
МГТИС-ийн гол зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжил, технологийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах чадвартай инженерүүдийг бэлтгэх явдал гэдгийг Ректор онцоллоо.
Мөн МГТИС-ийг тууштай дэмжиж, хөгжлийн төлөө хамтран ажиллаж ирсэн "Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрууд", их сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш, ажилтнууд, итгэлцэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн дэмжиж буй үндэсний болон олон улсын түнш байгууллагууддаа талархал илэрхийлэв.
Тэрбээр төгсгөлд нь МГТИС-ийн зүрх болсон оюутнууддаа хандан:
“Өөртөө итгээрэй. Өөрийн санаа, мөрөөдөлдөө итгээрэй. Ирээдүйдээ итгээрэй.” хэмээн урам зориг өглөө.
Ийнхүү МГТИС-ийн 2026–2027 оны хичээлийн шинэ жил буюу “Цахим шилжилтийн жил” албан ёсоор эхэллээ.