МГТИС “Боловсрол шинэчлэл-2026” үзэсгэлэнд оролцлоо
МГТИС “Боловсрол шинэчлэл-2026” үзэсгэлэнд оролцлоо
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2026 оны 4 дүгээр сарын 23–26-ны өдрүүдэд Нийслэлийн боловсролын газар болон Мишээл Экспо төв хамтран зохион байгуулсан “Боловсрол шинэчлэл-2026” боловсролын үзэсгэлэнд амжилттай оролцлоо.
Тус үзэсгэлэн нь дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын салбарын өнөөгийн үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд танилцуулах, сурагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготой салбарын томоохон арга хэмжээний нэг юм.
“Боловсрол шинэчлэл-2026” үзэсгэлэнд төрийн болон хувийн их, дээд сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллага, сургалтын төвүүд зэрэг боловсролын салбарын олон байгууллага оролцож, сурагч, эцэг эх, олон нийтэд сургалтын хөтөлбөр, элсэлтийн боломж, мэргэжлийн чиглэлүүдийн талаар мэдээлэл хүргэлээ.
МГТИС-ийн төлөөлөл тус үзэсгэлэнд оролцож, ахлах ангийн сурагчид болон сонирхогчдод дараах мэдээллийг хүргэв. Үүнд:
* Инженер, технологийн чиглэлийн бакалаврын хөтөлбөрүүд;
* Сургалтын орчин, лаборатори, оюутны амьдрал;
* Герман-Монголын хамтарсан боловсролын онцлог;
* Олон улсын стандартад нийцсэн инженерийн боловсрол эзэмших боломж;
* Элсэлтийн журам болон суралцах боломжууд.
2025–2026 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд 10–12 дугаар ангид 42,000 гаруй сурагч суралцаж байгаа бөгөөд тэдний мэргэжил сонголт, цаашдын боловсролын чиглэлээ зөв тодорхойлоход энэхүү үзэсгэлэн чухал ач холбогдолтой юм.
МГТИС нь Герман улсын боловсролын стандарт, сургалтын арга барилд тулгуурлан уул уурхай, инженерчлэл, технологийн салбарт ажиллах чадварлаг, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэх зорилготой бөгөөд боловсролын салбарын олон нийтэд чиглэсэн арга хэмжээнд тогтмол оролцож, ирээдүйн инженерүүдэд мэргэжлийн сонголтын зөв мэдээлэл хүргэсээр байна.
“Боловсрол шинэчлэл-2026” үзэсгэлэн нь сурагчдад чанартай боловсрол эзэмших боломж, ирээдүйн мэргэжлийн чиглэлээ тодорхойлоход дэмжлэг үзүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.