МГТИС-ийн Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна

Нээлттэй өдөрлөг нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, хүүхэд залуус, тэдний эцэг, эх болон багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулан тус их сургуулийн талаар өргөн мэдээлэл өгөх зорилготой арга хэмжээ юм. Өдөрлөгт МГТИС-ийн багш, профессорууд, лабораторийн ажилтнууд, оюутнууд хүүхдүүдэд сургуулийн сургалтын хөтөлбөр, онцлог давуу талууд, мэргэжил сонголтын талаар сонирхолтой мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэдний хүссэн асуултад хариулж, зөвлөгөө өгөх юм. Оролцогч хүүхдүүд сургуулийн анги танхим, факультет, лаборатори, номын сан, фитнессийн танхим, кофе булан болон дотуур байраар аялж, МГТИС-ийн Оюутны зөвлөл, сайн дурын клубүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжтой.

Тус сургууль нь Монгол, Герман хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд байгуулагдсан, төрийн өмчит хамгийн отгон их сургууль юм. Бид ХБНГУ-ын их, дээд сургуулиуд болон олон улсын боловсролын хэд хэдэн байгууллага, аж үйлдвэр, уул уурхайн байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутан залуусаа олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу өндөр түвшинд бэлтгэхийг зорьдог. Түүнчлэн оюутан суралцагчид нь аливаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж өндөр байдгаараа давуу талтай.
Иймд дэлхийн түвшний боловсролыг эзэмших боломжийг залуустаа олгож буй МГТИС-тай биеэр очиж танилцах боломжийг олгосон Нээлттэй өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.