Мэдээллийн технологийн үйлчилгээ ба Номын сан

МГТИС-ийн хичээлийн төв байр, дотуур байр нь бүхэлдээ интернэт орчноор хангагдсан. Хичээлийн танхим болон лаборатори бүрд интернэт, компьютер, проектор, проекторын дэлгэц, чанга яригчийг суурилуулсан. Сургуулийн хэмжээнд компьютерийн хоёр лаборатори ажиллуулахаас гадна оюутнуудын хэрэгцээнд зориулан номын санд мөн компьютерууд байрлуулсан байдаг. Оюутнууд хичээл давтах боломжийг олгох үүднээс компьютерийн лаборатори болон номын санг  хичээлийн бус цагаар ажиллуулдаг. Түүнчлэн компьютерийн лабораторийг "Computer Aided Design" (CAD), "AspenTech" программ хангамж, мөн "Maptek Vulcan 3D" программ хангамжийн хичээлүүдэд ашигладаг.

 
"Maptek Vulcan 3D" программ хангамжийн тухай:
 
"MAPTEK" компанийн зүгээс Олон улсын хэмжээнд уул уурхайн салбарын томоохон компаниудын ашигладаг загварчлал, уурхайн төлөвлөлтийн 10 ширхэг Maptek Vulcan 3D программыг МГТИС-ийн оюутнуудад гардуулан өгсөн. Энэ нь дэлхийн анхдагч гурван хэмжээст уул уурхайн программ хангамж бөгөөд хэрэглэгчдийн анхдагч өгөгдлийг динамик гурван хэмжээст модел болгон хөрвүүлж, баталгаажуулах, цаашлаад уурхайн нарийвчилсан загвар болон үйл ажиллагааны төлөвлөгөөг цогцоор нь гүйцэтгэх боломжтой программ юм. "Maptek Vulcan 3D" программыг оюутан залуус сургалт судалгаандаа ашигласнаар уул уурхайн мэргэжлийн инженерүүдийн түвшинд ажиллах чадварыг эзэмших, онолоор үзсэн мэдлэгээ баталгаажуулах зэрэг сургалтын үйл ажиллагааг сайжруулах давуу талтай.
 

Интернэт орчин болон И-мэйл хаяг ашиглах үйлчилгээ:
МГТИС-ийн хичээлийн төв байр, дотуур байр нь бүхэлдээ үнэ төлбөргүй интернэтээр (30MB) хангагддаг. Шинээр элсэн орсон  оюутан бүрд Хотхоны удирдлагын систем / Оюутны бүртгэлд нэвтрэх хувийн и-мэйл хаягийг нээн, ашиглуулдаг.

Хотхоны удирдлагын систем / Оюутны бүртгэл:
https://campus.gmit.mn 
МГТИС нь мэргэжлийн хотхоны удирдлагын системтэй (CMS) бөгөөд эндээс оюутнууд хичээлийн хуваарь, сургалтын хуанли, мөн шалгалтын дүнг хүссэн үедээ хаанаас ч шалгах, ашиглах боломжтой.
 

Номын сан:

Номын сангийн үйлчилгээний ерөнхий удирдлагыг Сургалт, оюутны асуудал хариуцсан албаны дарга хэрэгжүүлдэг. Одоогоор номын сан нь Бүх төрлийн шинжлэх ухааны 8000 гаруй ном, гарын авлага, хэвлэмэл материалтай бөгөөд үүний 80 хувь нь англи хэл, 20 хувь нь Герман болон Монгол хэл дээр байна. 2018 оны нэгдүгээр улиралд Олон улсын MARC21 стандарттай KOHA программд бүрэн шилжиж уншлага, үйлчилгээ, ном бүртгэлийн систем зэргийг ашиглаж байна. Коха программыг ашигласнаар номын бүртгэл хөтлөлтийн ажил хялбар болж, номын санчийн ажлыг хөнгөвчилсөн төдийгүй зөвхөн сургуулийн орчноос бус дэлхийн хаанаас ч каталогид хайлт хийж цахим ном унших боломжтой. Мөн цахимаар номын захиалга өгөх зэрэг давуу талтай.

Номын сангийн цахим каталогийн хаяг: http://elibrary.gmit.mn/. 2019 оны байдлаар олон улсын нээлттэй мэдээллийн санг дараах байдлаар ашиглаж байна. Үүнд: RESEARCH4life, CNKI ба бусад мэдээллийн санд нэвтрэх боломжтой. Номын сан нь цаашид сургуулийнхаа сургалт, судалгааны гол төв нь болох зорилго тавин ажиллаж байна. Номын сан нь одоогоор уншлагын нэг танхимтай чөлөөт сонголттой нэг фондтой, уншлагын 60 суудал бүхий 10 компьютертэй, нэг номын санч, туслах хоёр ажилтантай байна.
 

"National Geographic", "Mining Journal", "Mongolian Mining" гэх мэт хэвлэмэл сэтгүүлийг унших боломжтойгоос гадна МГТИС-ийн багш, оюутнууд сургалт, судалгаандаа онлайн мэдээллийн сан ба сэтгүүлүүдийг ашигладаг.  Жишээлбэл, "Springer" цахим номын цуглуулга, "Springer" байгалийн ухааны болон бусад цахим сэтгүүлүүдийг унших боломжтой.

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа-Баасан  09:00-22:00 цаг
Бямба ням      10:00-18:00 цаг

Ажлын бус цагаар туслах оюутан номын санг хариуцан ажиллуулдаг. Бүх нийтийн амралтын өдөр ажиллахгүй.
Хэрэв ажиллах цагийн хуваарьтай холбоотой өөрчлөлт хийгдсэн тохиолдолд цахим хуудсаар дамжуулан мэдэгдэнэ. 
 
Семестрийн амралтаар: 
Даваа-Баасан  09:00-17:00 цаг

Номын санч Б.Бадамцэцэг таны судалгааны ажилд зөвлөгөө өгч, та бүхэнд тусалж, дэмжин ажиллахдаа таатай байх болно.