Яагаад Мехатроникийн инженерийн хөтөлбөрийг санал болгодог вэ?

Мехатроник инженерийн бакалаврын хөтөлбөр (B.Sc) нь аж үйлдвэрийн болон худалдаа үйлчилгээний салбарт ажиллах хүсэлтэй залууст мехатроникын мэргэжлийн шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох болно. МГТИС-ийн тус хөтөлбөрт суралцаж буй оюутан, төгсөгчид нь электрон удирдлагатай машин, тоног төхөөрөмжийг зохион бүтээх, загварчлах, хөгжүүлэхээс гадна тэдгээрийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээний чиглэлээр ажил эрхлэх боломжтой.



Яагаад Мехатроник инженерийн мэргэжлээр суралцах хэрэгтэй вэ?

Өнөөдөр үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, эрчим хүчний хэрэглээг багасгах нь маш чухал асуудал болж байна. Энэ шаардлагыг хангахын тулд машин тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн дамжлага, үйлдвэрийг бүхэлд нь электрон удирдлага, хяналтын системтэй болгож, тэнд явагдаж буй бүх процессыг хүссэн газраасаа нарийн хянаж, автоматаар ажиллуулдаг боллоо. 
Бидний өдөр тутам амьдрал ахуйдаа хэрэглэдэг автомашин, принтер, угаалгын автомат машин, талхны болон гоймонгийн машин, автомат шарагчууд, тоос сорогч робот, барилга байшингийн халаалт ба салхижуулалт зэрэг нь бүхэлдээ мехатроникын систем бөгөөд автоматаар программын дагуу ажиллаж байдаг. Үйлдвэрт CNC (программын удирдлагатай) машинууд эд анги зорж, хэвлэж, төрөл бүрийн роботууд эд зүйлсийг зөөж, будаж, гагнаж, савлах зэргээр хоногт 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Хоолны газар робот зөөгч хүнд үйлчилж, тун удахгүй зорчигч тээврийн үйлчилгээнд робот такси нэвтрэх гэж байна. 
Компьютер, интернет, гар утасгүйгээр бидний амьдрал төсөөлөгдөшгүй болсон бол робот, автоматжуулалтгүйгээр бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл явагдахгүй, хүргэлт ч хийхгүй болох тийм цаг үе ойрхон ирлээ. Өөрөөр хэлбэл, аж үйдвэрлэлийн 4-р хувьсгал хаяанд ирсэн энэ үед та бид бэлэн байх шаардлага тавигдаж байна. 

Яагаад МГТИС-д Инженерийн зэрэг авах хэрэгтэй вэ?

ХБНГУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулийн профессорууд сургалтын хөтөлбөрүүдийг баталж, судалгаа нь бодит асуудалд суурилсан, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, чиг баримжааг баримталдаг. Оюутнуудын дадлагад суурилсан чадвар, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн дэмжлэг, олон улсын их сургууль гэсэн шинж чанар нь МГТИС-ийг Монгол дахь загвар их сургууль гэдгийг тодотгодог. Мехатроник инженерийн бакалавр нь Европын стандартын дагуу 240 кредит цагтай дөрвөн жилийн боловсролын хөтөлбөрийг даган мөрдөж байна. Сургалтын хэл англи хэл тул оюутнууд олон улсын хэмжээнд ажиллах бүрэн боломжтой. Сургалтын хөтөлбөрүүд нь дадлагад суурилсан сургалтыг голчилдог учир оюутнууд лекцээс гадна ажлын талбарт, лабораторид олон цагаар ажилладаг. Тойрон аялал, дадлага олгогчидтой хийх уулзалтууд, дадлагын ажил зэрэг нь оюутнуудыг боломжит ажил олгогчидтой холбох, тэдэнд ирээдүйн ажил мэргэжлийнх нь талаар ойлголт өгөхөд тустай. Эцэст нь хэлэхэд, олон улсын (Герман) стандартын боловсролыг эх орондоо эзэмшиж, үр шимийг хүртэж буй нь МГТИС-д инженерийн боловсролыг олгож буйн гол утга учир юм.

Сургуулиа амжилттай төгссөний дараа инженер, зохион бүтээгч, судлаачаар ажиллахаас гадна дараах салбарт хөгжин дэвших боломжтой. Үүнд: 
 
1. Автоматжуулалтын талаар консалтинг хийх боломж бүрэн нээлттэй.
2. Инженерийн бусад мэргэжилтэй харьцуулахад механик, цахилгаан, электроник, программ хангамж, автоматжуулалтын хосолсон мэдлэгтэй тул тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсны дараа ерөнхий инженерээр ажиллах боломж өндөр.
3. Санхүү, менежментийн нэмэлт сургалт авснаар удирдах түвшний ажил эрхлэх бүрэн чадамжтай болно. 
4. Өөрийн бизнесийг үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарын алинд ч тохируулан явуулах боломжтой.

• Сургалтын төлөвлөгөө, сургалтын стандартыг ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба (DAAD)-ны удирдлага дор Герман профессорүүд Монголын нийгэм, аж үйлдвэрлэлийн салбарыг нарийвчлан судалсны үндсэн дээр боловсруулсан тул Европын их сургуулиудын стандартыг бүрэн хангасан болно.
• Хичээлийн хөтөлбөр нь электрон удирдлагатай машин тоног төхөөрөмжийг зохион бүтээх, засвар үйлчилгээг зохион байгуулах ажилд төвлөрөн боловсруулагдсан.   
• Оюутнууд суралцах явцдаа "Оюу Толгой", “Вагнер Ази”, “Трансвэст” зэрэг тэргүүлэх компаниудад дадлага, үйлдвэрлэлийн судалгааны ажил хийх боломжтой. Энэ нь тэдэнд судалгааны арга барил эзэмших дадал болохоос гадна илүү том боломжийг нээж өгнө. 
• 4-р курсдээ ХБНГУ, АНУ-ын оюутнуудтай хамтарч Төгсөлтийн судалгааны төсөл гүйцэтгэдэг. Уг төслийн явцад оюутнууд судалгааны ажил хийхээс гадна олон улсын түвшний оюутан, судлаачидтай хэрхэн хамтарч ажиллах, харилцах соёлд суралцдаг.
• ХБНГУ-ын Аахены Техникийн их сургууль, Дармштадын Техникийн их сургууль, Фрайбергийн Техникийн их сургуультай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд төгсөх курсийн шалгарсан оюутнууд DAAD-ын тэтгэлгээр нэг семестрийн хугацаанд Фрайбергийн Техникийн их сургуульд суралцана.
• Мэргэжлийн хичээл нь зохион бүтээх болон практик ажилд тулгуурласан байдаг тул оюутан сургуулиа төгсмөгц ажлын байранд гарч, мэдлэг чадвараа шууд ашиглах, хурдан дасан зохицох боломжтой.
• Мэргэжлийн хичээлүүдээс гадны судлаач, оюутнуудтай багаар ажиллах, гадаад хэл, эдийн засаг, төслийн менежментийн мэдлэг зэрэг ур чадварт суралцдаг

МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийн тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
МГТИС-ийн Англи хэлний шалгалтад С1 /ахисан/ болон В2 /ахисан дунд/ түвшин хангасан байх
ЭЕШ-д Математик, Физикийн хичээлүүдэд 650 ба түүнээс дээш оноо авсан байх

Сургалтын төлбөр:

Бакалаврын хөтөлбөр: 1 кредит нь 108,000 төгрөг
Дотуур байрны төлбөр: 4 хүнтэй өрөө - жилийн 520,000 төгрөг

МГТИС нь сургуулийн нэрэмжит тэтгэлэг болон Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд сурлагын амжилт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон болон санхүүгийн тусламж шаардлагатай оюутнуудад дэмжлэг үзүүлдэг. Бид оюутнуудад зориулсан тэтгэлгийн тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд компани, аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тогтмол хөгжүүлэн ажиллаж байна. Манай оюутнуудын тал хувь нь тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэгтэй суралцаж байна.

Нийт 8  семестр  суралцах бөгөөд эхний 3  семестрт бусад мэргэжлийн ангийн оюутнуудтай хамтарсан сургалтад хамрагдах ба 4-р  семестрээс мэргэжлийн сургалт эхэлдэг. Төгсөгчид олон улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг, практикт ашиглах ур чадвартай болох юм. 
Тус сургалтын хөтөлбөр нь шинжлэх ухааны суурь модулиуд, техникийн суурь модулиуд, мэргэжлийн модулиуд ба дадлага зэргээс бүрдэнэ. Мөн харилцааны ур чадвар, хэл яриа, гадаад хэл гэх мэт “зөөлөн ур чадвар” онцгойлон тусгагдсан болно.
 
A) Шинжлэх ухааны үндсэн модулиуд
Математик, Физик, Хими
B) Техникийн суурь модулиуд
Компьютерийн шинжлэх ухааны үндэс, Статистик ба тоон аргууд, Цахилгаан техникийн үндэс, Электроник, Эдийн засаг, Шинжлэх ухааны арга зүй, Инженерийн төсөл, Программчлал
Механик: Статик, Динамик, Шингэний механик, Хэмжлэг ба Хяналт, CAD, Инженерийн зураг төсөл, Инженерийн термодинамик, Материал судлал
C) Мэргэжлийн модулиуд
Дохио ба Систем, Программ хангамж, Удирдлагын систем, Материалын эсэргүүцэл, Механик процессын инженерчлэл I, Эрчим хүчний систем, Машины эд анги, Төгсгөлөг элементийн арга, Хий шингэний хөтлүүр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй 
D) Нарийвчилсан мэргэжлийн модулиуд
Доргио чичиргээ, Хүчний электроник, Бүтээгдэхүүний виртуал дизайн, Цахилгаан машин ба хөтлүүр, Системийн инженерчлэл ба сүлжээний технологи, CNC машин ба программчлал, Робот техник
E) Зөөлөн ур чадвар
Соёл хоорондын харилцааны чадвар, Техникийн англи хэл, Нийгэм дэх инженерийн үүрэг, Шинжлэх ухааны бичвэр, Англи хэл, Герман хэл 
F) Төгсөлтийн судалгааны төсөл ба бакалаврын дипломын ажил
4-р курсийн оюутнууд Төгсөлтийн судалгааны төсөл ба бакалаврын дипломын ажлыг заавал гүйцэтгэх ёстой. Эдгээр нь МГТИС-д дөрвөн жилийн турш сурч мэдсэн мэдлэгүүдээ нэгтгэн дүгнэхэд зориулагдсан. Төгсөлтийн судалгааны төслийн үеэр 4-р курсийн оюутнууд ХБНГУ, АНУ-ын оюутнуудтай хамтарч, бодит асуудлыг шийдвэрлэдэг. Мөн оюутнууд хэрхэн судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажил хэрхэн бичих талаар мэдлэг, чадвар эзэмшдэг
G) Дадлага
Оюутнууд 6 долоо хоногийн суурь дадлагыг 3-р курсийн өмнө, 14 долоо хоногийн үйлдвэрлэлийн дадлага 4-р курсийн өмнө хийх ёстой. Суурь дадлага нь мэргэжлээ сонгоход хэрэгтэй байдаг бол үйлдвэрлэлийн дадлага нь оюутнуудад практик туршлага, ур чадвар эзэмшүүлдэг.
 
5-р семестр 7-р семестр
  • Дохио ба систем
  • Программ хангамж
  • Хий шингэний хөтлүүр
  • Инженерийн механик IV
  • Төгсгөлөг элементийн арга
  • Удирдлагын систем
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  • Сонгон суралцах хичээл
  • Цахилгаан машин ба хөтлүүр
  • Үйлдвэрлэлийн процесс
  • Системийн инженерчлэл ба сүлжээний технологи
  • CNC машин ба программчлал
  • Шинжлэх ухааны бичвэр
  • Сонгон суралцах хичээл
6-р семестр 8-р семестр
  • Инженерийн механик V
  • Виртуал аргаар зохион бүтээх
  • Хүчний электроник
  • Үйлдвэрлэлийн дадлага
  • Сонгон суралцах хичээл
  • Робот техник
  • Төгсөлтийн судалгааны төсөл
  • Бакалаврын дипломын ажил
  • Сонгон суралцах хичээл

1. Мехатроникын тухай тус их сургуулийн цахим хуудсанд байршуулсан материалтай танилцан, нэмэлт мэдээллийг интернетээс олж авч, мэргэжлийнхээ тухай ойлголтоо сайжруулах
2. Хариуцлагаа ухамсарлаж, өөрийгөө дайчлан, цагаа зөв төлөвлөж, хичээлдээ шамдан анхаарч идэвхтэй суралцах
3. Эрүүл мэнддээ онцгой анхаарч, хичээл болон амралтаа зөв зохицуулж сурах
4. Хичээлийн бус үйлдвэрлэлийн судалгаа, төсөлд идэвхтэй оролцох
5. Чөлөөт цагаараа төрөл бүрийн клубийн үйл ажиллагаанд оролцож өөрийгөө хөгжүүлэх 
6. Лекцийн хичээлийг урьдчилан уншиж судалсан байх, семинарын хичээлд сайтар бэлтгэлтэй оролцох, хичээлийн явцад бусдыгаа сайн сонсох, сонирхсон зүйлээ чөлөөтэй асууж лавлах, санал бодлоо хэлэх
7. Бие даалтыг хичээл зүтгэлтэйгээр бүрэн дүүрэн хийх
8. Багшийн зөвлөгөө өгөх цагийг сайтар ашиглах 
9. Боловсруулах ба хэмжих тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сайтар ашиглаж сурах
10. Дадлагын явцад аюулгүй ажиллагааг нарийн мөрдөж, идэвх оролцоотой байж аль болох олон төрлийн чадвар эзэмшихийг хичээх