Яагаад Эрчим хүч, цахилгааны инженерийн хөтөлбөрийг санал болгодог вэ?

Эрчим хүч, цахилгааны инженерийн бакалавр хөтөлбөрөөр эрчим хүч, цахилгаан, автоматжуулалтын бүрэн мэдлэг, ахисан түвшний технологийг бүрэн эзэмшүүлэн, цахилгаан эрчим хүчийг хэмнэх, нөөцийг үнэлэх, төлөвлөх, зарцуулах, үйлдвэрлэлийн технологийн процессыг автоматжуулах, үйлдвэр дэд бүтцийг цахилгаанжуулах дадал чадварт суралцуулна.



Эрчим хүч, цахилгаан систем, цахилгаан автоматжуулалтын чиглэлээр гадаад ба дотоодын, төрийн ба хувийн хэвшлийн, эрдэм шинжилгээний ба үйлдвэрлэлийн аль ч салбарт хөрвөн ажиллах чадвартай цахилгааны инженер, эрчим зүйч, автоматжуулалтын инженерийн хосолсон мэргэжилтэн болж төгсөнө.
 
Яагаад Эрчим хүч, цахилгааны инженерийн мэргэжлээр суралцах хэрэгтэй вэ?
 
Дээд боловсролын суурь, цахилгаан, механик, эрчим хүч, автоматжуулалтын мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдээр дамжуулан олгогдох мэдлэг, чадвар, дадал нь эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй, эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй байдлыг хангасан ахисан түвшний эрчим хүч цахилгаан системийг ашиглах, зохион бүтээх, хөгжүүлэх, судалгаа явуулах, завсар үйлчилгээг гүйцэтгэх чадвартай болгоно.
 
Эрчим хүч, цахилгааны инженерийн мэргэжлээр суралцахын давуу тал нь юу вэ?
 
Бодит хэрэглээнд суурилсан, өөрийгөө хөгжүүлэх чадварт сургасан, хувь хүний хөгжлийг дэмжсэн эрчим хүч, цахилгаан инженерийн хөтөлбөр нь Герман стандартыг хангасан, магадлан итгэмжлэгдсэн, олон улсын жишигт хүрсэн тул Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлд жишиг загвар болдог. 
Энэ хөтөлбөрөөр бэлтгэгдэн төгссөн инженерүүд нь дараах чадварыг эзэмшинэ. Үүнд:
  • Эрчим хүчний систем, цахилгаан инженерийн салбарын тулгамдаж байгаа болон инженерчлэлийн нарийн төвөгтэй асуудлыг тодорхойлох, танин шинжлэн судалж тэдгээрийг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, мэдээллийн ахисан түвшний технологи, арга барилыг ашиглан оновчтой цогц шийдлийг боловсруулан нэвтрүүлэх;
  • Инженерийн болон хувь хүний ёс зүйн хэм хэмжээг баримтлан эрчим хүч цахилгааны инженерийн салбарыг хөгжүүлэх, үйл явцыг удирдан оновчтой зөв зохион байгуулах арга барилыг хэрэгжүүлэх; 
  • Эрчим хүч цахилгааны инженерийн салбарын техникийн ба технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, энергийн шинэ эх үүсгүүр, шинэ төрлийг нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчин, эрчим хүчний салбарын бодлого, төлөвлөлтийн менежментийг боловсронгуй болгох;
  • Нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинтой нийцтэй, хариуцлагатай ажиллахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгт суурилан инженерийн үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагаврыг таньж ойлгон асуудлыг шийдэх

Олон улсын, дотоодын болон олон улсын эрчим хүч, цахилгаан, автоматжуулалтын аль ч салбарт эрчим зүйч, цахилгааны ба автоматжуулалтын инженер, мэргэжилтнээр ажиллана. Үүнд: уул уурхай, барилга, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэрийн салбар, цахилгаан дулааны станцууд, засгийн газрын агентлагууд, яам, тамгын газрууд, улсын байгууллагуудад, хувийн хэвшил, компаниуд, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны, зөвлөх үйлчилгээний байгууллагууд гэх мэт.

Цахилгаан эрчим хүчний систем, цахилгаанжуулалт, автоматжуулалтын үйл ажиллагааг оновчтой, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй найдварт ажиллагааг хангахад чиглэсэн олон улсын ба үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрт оролцоно. 
Мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлээс гадна зөөлөн болон либерал арт ур чадварыг олгодог тул удирдах албан тушаалд шууд томилогдох, инженерүүдийг давтан сургах насан туршийн боловсролыг олгох сургагч багшаар ажиллах боломжтой.

  • Сургалт болон судалгааны үйл ажиллагаа нь англи хэл дээр бүрэн явагддаг ба бакалаврын диплом нь олон улсын их дээд сургуулиуд, судалгааны байгууллагуудад хүлээн зөвшөөрөгддөг;
  • Профессор багш нар нь эрдмийн зэрэг цолтой, англи хэлний бүрэн мэдлэгтэй, олон улсын хэмжээнд ажиллах чадвартай;
  • Герман профессоруудтай хамтран боловсруулсан энэхүү хөтөлбөр нь инженерийн суурь мэдлэгийг олгох, инженерийн гол зарчмыг эзэмшүүлэх тулгуур хичээлүүдийг багтаасан тул оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, логик сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, цаашид гүнзгийрүүлэн мэргэших, эзэмшсэн мэдлэгээ ашиглан баялаг бүтээх ур чадварыг олгодог;
  • Сургалтын хөтөлбөр нь бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санааг дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн тул оюутнууд нь ирээдүйд тулгарах тэсрэлтэт хөгжлийг ойлгох, хүлээн авах, даган хөгжих, технологийг нутагшуулах, тоноглолыг суурилуулах, үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй орчныг бий болгох чадавхыг төлөвшүүлдэг;
  • Төгсөгчид нь эрчим хүчний нөөцийг үнэлэх, төлөвлөх, үйлдвэрлэх, хуваарилах, түгээх, ашиглахад дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, шийдвэр гаргах, зохион бүтээх, шинэ шинэлэг санааг хэрэгжүүлэх чадварыг эзэмшдэг;
  • Оюутнууд нь гадаад оюутнуудтай хамтарч гүйцэтгэдэг төгсөлтийн судалгааны төслийн явцад туршлага хуримтлуулах, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх удирдан зохион байгуулах урлаг, олон улсын харилцааны соёлд суралцдаг ба цаашид бие даан мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, тасралтгүй суралцах дадал чадвартай болдог.

Бакалаврын хөтөлбөр: 1 кредит нь 108,000 төгрөг
Дотуур байрны төлбөр: 4 хүнтэй өрөө - жилийн 520,000 төгрөг

Монгол Улсын сургалтын бүх төрлийн тэтгэлэг, хөнгөлөлт, зээл, буцалтгүй тусламжууд нь оюутнуудад бүрэн нээлттэй ба МГТИС-ийн, үйлдвэрүүдийн, компаниудын нэрэмжит, Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэгт хөтөлбөрүүд нь оюутнуудын сурлагын амжилт, сайн дурын ба сургалт судалгаанаас гадуур зохиогдох үйл ажиллагаанд оролцсон байдлаас хамааран олгогддог тул оюутнуудын тал хувь нь тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэгтэй суралцдаг.

“Эрчим хүч, цахилгааны инженер“ хөтөлбөрөөр суралцсан инженерүүд нь эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, хувийн хэвшил, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий орчныг бий болгоход чиглэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах чадварт суралцана. 
Эрчим хүч, цахилгааны инженерийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн дагуу сургалтын эхний дөрвөн семестрийн инженерийн ерөнхий болон суурь хичээлүүдийг дүүргэдэг. Сургалтын хөтөлбөрт тусгагдсан урт хугацааны үйлдвэрлэлийн дадлага нь 6-р улиралд 14 долоо хоногийн хугацаатай байдаг. Шинэ оюутнуудад зориулсан Инженерчлэлийн төсөл нь салбар хоорондын асуудлын шийдэл, шинжлэх ухааны ололт, нийгмийн үр дагаврыг үнэлэх, инженер хүний бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагааг таниулдаг. 8-р улиралд байх төгсөлтийн судалгааны төсөл нь улсын байгууллага, хэвийн хэвшил, компани, үйлдвэрүүдээс ирүүлсэн асуудлыг судлах, шинжлэх, судалгаанд суурилсан үр дүнг танилцуулдаг ба шийдвэрлэх асуудал, бүтээлч шийдэл, гарцыг дэвшүүлдэг.
 
5-р улирал 7-р улирал
Цахилгаан машин ба хөтлүүр
Хийн ба шингэний хөтлүүр
Цахилгаан хангамж
Software engineering
Эмбеддид систем
Энерги хувиргах, хадгалах технологи
Сонгон суралцах хичээл
Дулаан цахилгаан станц
Эрчим хүчний системийн төсөл, тооцоо, загварчлал
Реле хамгаалалт
Ухаалаг шугам сүлжээ
Үйлдвэрлэлийн харилцаа холбоо
Сонгон суралцах хичээл
6-р улирал 8-р улирал
Хүчний электроник
Өндөр хүчдэлийн техник
Эрчим хүчний систем
Дохио боловсруулалт, дамжуулалт
12
Эрчим хүчний төлөвлөлт, ашиглалт ба удирдлага
Төгсөлтийн судалгааны ажлын төсөл
Бакалаврын төгсөлтийн ажил
Сонгон суралцах хичээл

1) Мэргэжлийн чадвараа цаг тутам тасралтгүй дээшлүүлдэг, өөрийгөө хөгжүүлдэг, технологийн хөгжлийг тууштай сонирхдог, шантаршгүй суралцагч байвал илүү амжилт үзүүлдэг. 
2) Баттай гүн мэдлэгийг өөртөө эзэмшүүлдэг, мэдлэгээ бодит байдалд туршдаг, туршилт нь эргээд шинэ мэдлэг чадварыг өөртөө бий болгодог байх нь эрчим хүч цахилгааны инженерт заавал байх ёстой чанар юм.
3) Физик, математик, хими гэх мэт суурь, статистик, магадлал, тооцоолон бодох бүрэн мэдлэгтэй, логик сэтгэлтэй бол мэргэжил, мэдээллийн технологи, программчлалын чадварыг түлхүү эзэмшин илүү ур чадвартай зохион бүтээгч инженер болдог.
4) Хариуцлагатай, хүнлэг байх ёстой. Хэдий чинээ мэдлэгтэй байна, төдий чинээ хариуцлагатай байдаг. Цахилгаан нь байгаа, эсхүл байхгүй нь мэдэгддэггүй ихэнх тохиолдолд хэмжиж, барьж, хүрч байж мэдэгдэх тал бий. Ийм тохиолдолд хүнлэг, мэдрэмжтэй, мэдлэгтэй хүн л харьцана. 
5) Нийгмийн хариуцлагыг ойлгож нийгмийн болон мэргэжлийн салбарыг хөгжүүлэхэд сайн дураараа оролцох инженерийн сэтгэл зүйтэй, хувь хүний ёс зүйтэй байдаг. 
6) Эрчим хүч, цахилгааны инженер нь цахилгааны аюулгүй байдал, хөдөлмөрийн сахилга батыг чанд сахих, нягт намбай байх ба багаар ажиллах чадварыг эзэмших шаардлагатай. Алдаа гаргах эрхгүй, хайхрамжгүй, эрсдэлийг үнэлэхгүй, дүрэм журмаас гадуур байж болдоггүй мэргэжил.
7) Эрчим хүч, цахилгааны инженерийн сургалтын хөтөлбөрийн хичээлүүд нь шаталсан шинж чанартай. Мэргэжлийн суурь мэдлэгийг эзэмшиж, сайтар ойлгосноор дараагийн шатны мэргэшүүлэх хичээлээр олгогдох мэдлэгийг эзэмшихэд чухал хэрэгтэй. 
8) Цахилгаан нь нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй тул инженерүүд нь мэргэжлийн ур чадвартай, илүү хурдтай, эмх цэгцтэй, харааны зохицуулалттай, өнгө ялгах чадвар, бие бялдрын чийрэгжүүлэлт сайтай, тэнцвэрийн мэдрэмж, зөн билигтэй байдаг.
9) Зөөлөн ур чадварыг өөртөө эзэмшүүлсэн байвал мэргэжлийн чиглэлээр сайн удирдагч, манлайлагч, багийн ахлагч, төсөл судалгааны ажлын тэргүүлэгчид болдог. Ажлын байран дээр товч тодорхой, хоёрдмол агуулгагүй ярих нь эрсдэлээс зайлсхийхэд хэрэгтэй. 
10) Эрчим хүч цахилгааны инженер нь дэлхийд инженерийн чиглэлээр хамгийн эрэлттэй, орлого, цалингаараа эхний хоёрт тооцогддог чухал мэргэжил юм.
 
https://www.thestreet.com/personal-finance/education/highest-paying-engineering-degrees