МГТИС-ийг сонгох 10 шалтгаан

Хүн төрөлхтний хөгжлийн түлхүүр нь инженер байдаг. Үүнийг жил бүр тогтмол хийгддэг цахим судалгааны хамгийн эрэлттэй ажил мэргэжлийн жагсаалтаас харж болно. Монгол Улсын ирээдүйн хөгжил инженерүүдийн мэдлэг чадвараас хамаарна.



Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар энэхүү эрэлтэд үндэслэн шинжлэх ухаан, технологи, уул уурхай, хүрээлэн буй орчны салбарт чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор МГТИС-ийг байгуулсан түүхтэй. Тус сургууль нь Монгол Улсдаа болон Азийн бүс нутагт технологийн тэргүүлэх их сургууль болох, улмаар сургалт, судалгаа, инновацын өндөр стандартаараа хүлээн зөвшөөрөгдөх зорилготой ажиллаж байна.

МГТИС нь Монголын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах өндөр ур чадвартай, нийгмийн хариуцлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч инженерийг бэлтгэх зорилготой. МГТИС-ийн хөгжил, тус сургууль болон Германы их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон ХБНГУ-ын Засгийн газраас дэмжиж ажилладаг. Германы талын хувь нэмрийг Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) болон Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-аас тус тус хариуцан, хэрэгжүүлж байна. 

МГТИС-ийг давуу, онцгой болгож буй 10 шалтгаан:

1. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом. Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас 2019 оны 3-р сарын 26-ны өдөр Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс (БМИҮЗ) 2019 оны 7-р сарын 8-ны өдөр Байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг тус тус хүлээн авсан. Ингэснээр тус сургуулийн төгсөгчдөд олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрт ажиллах, дэлхийн шилдэг их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломж нээгдсэн.
2. Германы инженерийн сургалтын хөтөлбөр. Инженерийн боловсролоор дэлхийд тэргүүлэгч Герман улсын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт суурилж, сургалт нь англи хэлээр явагддаг нь тус их сургуулийн төгсөгчид олон улсын компани, үйлдвэрүүдэд ажиллахад давуу талыг олгодог. Германд суралцаж, ажиллах хүсэлтэй оюутнуудын хувьд Герман хэлийг сонгон суралцах боломжтой.   
3. Олон улсад ажилласан туршлагатай профессор, багш нар. ХБНГУ, АНУ, Канад, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсад боловсрол эзэмшиж, сургалт судалгааны чиглэлээр туршлага хуримтлуулсан профессор, багш, мэргэжилтнүүд ажиллаж байна. Мөн Германы хамтрагч их сургуулиудаас профессор, багш нар уригдан ирж хичээл зааж, хамтран ажилладаг. 
4. Тэтгэлэг болон Засгийн газрын зээл. Амжилттай суралцахын зэрэгцээ олон нийт, сайн дурын ажилд идэвх санаачилгатай оролцож буй оюутнуудад сургалтын төлбөр, амьжиргааны зардалд нь бүрэн болон хэсэгчлэн дэмжлэг үзүүлэх тэтгэлэг олгодог. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн нэрэмжит тэтгэлэг, Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг, Боловсролын зээлийн сангийн зээл, Засгийн газрын буцалтгүй тусламж зэрэгт одоогоор нийт оюутны 45 орчим хувь нь хамрагдаад байна. 
5Кампус их сургууль. МГТИС нь хотхон хэлбэрээр хөгжиж буй кампус их сургууль юм. Кампус их сургуулийн онцлог нь дотуур байр, сургалт, судалгааны байгууламжийг нэг дор төвлөрүүлэн оюутнуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л боломжийг цогцоор бүрдүүлдэгт оршино. 
 

 
6. Сургуулийн орчин. Иж бүрэн тоног төхөөрөмжтэй лабораториуд, 8000 гаруй номын фондтой номын сан, компьютерийн лаборатори, фитнесс танхим, уншлагын танхим, цайны газар, эрүүл мэндийн үйлчилгээ, үнэ төлбөргүй Wi-Fi зэрэг их сургуулийн хотхонд шаардлагатай бүхий л тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн. 
7. Олон улсын стандартад нийцсэн лаборатори. Манай судалгааны лабораториудын үйл ажиллагаа нь оюутнуудыг инженерийн болон байгалийн ухааны сонирхолтой ертөнцөөр аялуулж, тэдний суралцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Одоогийн байдлаар МГТИС нь физик, хими, механик инженер, уул уурхайн боловсруулалт, мөн хүрээлэн буй орчны лабораторитойгоор сургалт судалгааны үйл ажиллагаа явуулж байна. 
8. Дадлагын ажил ба зуны сургалт. МГТИС-ийн сургалтын хөтөлбөрийн салшгүй нэг чухал хэсэг бол суурь болон үйлдвэрлэлийн дадлага юм. Дадлагын хугацаанд оюутнууд дотоодын болон олон улсын компаниудад бодит үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага хуримтлуулдаг. Одоогийн байдлаар тус сургуулийн олон оюутан Герман болон Европын компаниудад үйлдвэрлэлийн дадлага хийж байна. Түүнээс гадна ХБНГУ-ын Фрайбергийн технологийн их сургууль болон БНХАУ-ын Шу Жөү хотын уул уурхайн технологийн их сургуулийн зуны сургалтад оюутнуудаа хамруулдаг.
9. Ажил эрхлэлт. МГТИС-ийн төгсөгчид дотоодын болон олон улсын нэр хүндтэй компаниудад ажиллаж, мэдлэг ур чадвараараа үнэлэгдэж байна. Одоогоор манай төгсөгчдийн ажил эрхлэлт 100 хувь бөгөөд тэдний ажиллаж буй байгууллагуудаас дурдвал "Оюутолгой", "Монголын алт корпораци" (МАК), Монголын уул уурхайн корпораци, “Премиум групп” гэх мэт бий.
10. Судалгааны төсөл. МГТИС нь эрдэс баялаг, хүрээлэн буй орчин, инновацад чиглэсэн хэрэглээний болон салбар дундын судалгааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Одоогоор манай профессор, багш, оюутнуудын судалгааны 15 гаруй төсөл хэрэгжиж байна.