МГТИС болон ШУТИС-ийн профессор, багш нар хамтран ажиллаж, туршлага солилцоно

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдлагууд, профессор, багш судлаачид Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд урилгаар зочилж, хотхоны үйл ажиллагаа болон лаборатори, судалгааны ажилтай танилцлаа. Уулзалтын үеэр хоёр талын төлөөллүүд Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар хэлэлцсэн юм.

Ингэхдээ, багш болон оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны төв байгуулах, ШУТИС-ийн “Антарктид судлал”-ын төвд уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг хамтарсан төсөл болгон өргөжүүлэх боломжууд байгааг онцлон ярилцлаа.

Түүнчлэн МГТИС-ийн зүгээс ХБНГУ-аас богино хугацаагаар ирж ажиллаж буй олон улсын профессоруудыг оролцуулсан семинар, уулзалтуудыг хамтран хийх санал тавьсан бол ШУТИС-ийн хувьд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол инженер” нэгдсэн арга хэмжээндээ профессор, багш нарыг урьлаа. Тус арга хэмжээг Техникийн механикийн тэнхимээс инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран шинэ технологи, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор тогтмол зохион байгуулдаг юм байна.