Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 75 оюутан тэтгэлгээ гардан авлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн эрдмийн баяраа тэмдэглэж, Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаагаа зохион байгууллаа. Судалгаанд суурилсан, инженерийн загвар их сургууль болохоор зорин ажиллаж буй тус их сургууль жил бүр олон тооны оюутныг Монгол-Герман хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж, инженерийн боловсролыг тэгш хүртээмжтэйгээр түгээхийг зорьдог. 

Энэ хичээлийн жилд тэтгэлгийн тоо нэмэгдэж, нийт оюутны 40 орчим хувь нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг шингээсэн тэтгэлгүүдийг хүртсэн байна. Үүнээс Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлгийг 36 оюутан, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 39 оюутан гардан авч байна. МГТИС-ийн удирдлагуудаас гадна ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг, БШУЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбаатар болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Германы эрдмийн солилцооны алба, BMZ,  KfW группийн төлөөллүүд тэтгэлгийг гардуулан оюутан залууст сурлагын өндөр амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлсэн юм. 




 
Тус их сургууль нь хичээлийн семестр бүрт тодорхой тооны оюутнуудыг тэтгэлэгт хамруулахын зэрэгцээ ХБНГУ болон БНХАУ-д олон улсын оюутнуудын хамт Зуны хөтөлбөрт 14 хоног хамрагдах, Герман улс дахь хамтрагч их сургуульд нэг семестр суралцах, гадны компаниудад 14 долоо хоногийн турш цалинтай дадлага хийх боломжийг олгодог юм.
           
МГТИС-ийн сургалтын хөтөлбөрүүд нь Герман улсын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт суурилагдсан бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан. Уг магадлан итгэмжлэлээр Уул уурхайн боловсруулалтын инженер, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөрүүд итгэмжлэгдсэн юм. Түүнчлэн 2020 оны хичээлийн жилээс “Мехатроник инженер”, “Эрчим хүч, цахилгааны инженер” гэсэн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Эдгээр бүх хөтөлбөрийн сургалт 100 хувь Англи хэл дээр явагддаг онцлогтой.