Шинжлэх ухаан, технологийн их сургуультай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 
Санамж бичгийн хүрээнд хоёр их сургууль сургалт, судалгаа болон бусад чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэн, цаашид стратегийн ач холбогдол бүхий харилцааг бий болгох зорилт тавин хамтран ажиллах юм. Тиймээс уулзалтад МГТИС болон ШУТИС-ийн Захирал, удирдлагуудаас гадна холбогдох Факультетын деканууд оролцож санал солилцлоо.

Уулзалтын үеэр ШУТИС-ийн Захирал Проф. Др. Б.Очирбат манай улсад техник технологийн мэргэжилтнүүдийн тоо дутагдалтай байдаг учраас энэ салбарт аль болох олон мэргэжилтэн бэлтгэхээр зорьж байгаа тухайгаа дурдаад, ирээдүйд Германы инновацын арвин туршлагыг Монголдоо нутагшуулж, байгальд ээлтэй технологид чиглэсэн томоохон ажлыг тус сургуулиуд хамтран санаачилж, хэрэгжүүлэх бүрэн боломж байгааг онцолсон юм.



МГТИС-ийн Захирал Проф. Др. Б.Батцэнгэл энэ үеэр хэлэхдээ, “Сургалтын хөтөлбөрийн сайн туршлагуудаа хуваалцан, судалгааны төслүүдийг хамтран хийх нөхцөл бүрдэж байна. Хамгийн чухал нь ХБНГУ-ын нөү-хау, дэмжлэгийг Монголын дээд боловсролын салбарыг хөгжүүлэхэд тусгаж, хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий” гэлээ.

ШУТИС нь өдгөө 90 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэсэн, 60 жилийн түүхтэй Монголын ууган их сургуулиудын нэг юм. Тиймээс ШУТИС-ийн олон жилийн туршлага, МГТИС-ийн шинэ санал санаачилгыг тусган байгалийн нөөц, ашигт малтмал, технологийн салбарт өндөр мэдлэг, чадвартай инженер мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын хөтөлбөр, “Стюдент мобилити”, судалгааны төсөл, багш солилцоо гээд олон чиглэлээр цаашид харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар боллоо.