“Трансвест Монголиа” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь “Трансвест Монголиа” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг үзэглэх уг уулзалтад хоёр талын удирдлагууд оролцож, цаашид хамтран ажиллах боломж гарцын талаар хэлэлцсэн юм. Ингэснээр МГТИС-ийн оюутнууд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Комацу брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч тус компанид дадлагажих, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах, төгсөлтийн судалгааны ажлаа хийх, нөгөө талаар багш нар инженер техникийн ажилтнуудтай хамтран судалгаа, шинжилгээний төсөл хэрэгжүүлэх боломжууд албан ёсоор нээлттэй болж байна.

Уулзалтын үеэр “Трансвест Монголиа”-ийн удирдлагууд шинэхэн  ашигт малтмал, технологийн их сургуулийн багш, ажилтнуудтай олон талаар хамтран ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, сурч эрмэлзэх чин хүсэлтэй оюутан залуусыг дэмжих боломжтой гэдгээ онцолсон юм. “Трансвест Монголиа” нь Комацугийн уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмж, баталгаат сэлбэг, эд ангийг ХБНГУ, Япон, Канад дахь үйлдвэрээс нь дотоодын зах зээлд шууд нийлүүлж, мэргэжлийн засвар үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс МГТИС-ийн оюутан, багш нарын хувьд дадлага, туршилт, судалгаагаа сайжруулах нэгэн чухал талбар нэмэгдэж байна.