Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн боллоо

     Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь төрийн болон хувийн 53 их, дээд сургуулийг эгнээндээ нэгтгэсэн “Монголын их, дээд сургуулиудын консорциум”-ын гишүүнээр элслээ. Тус консорциум нь дээд боловсролын байгууллагуудын статус, эрх зүйн орчин, сургалт – судалгаа – инновацын болон санхүүжилт, тайлагналын хөгжингүй тогтолцоог бүрдүүлэх, тэдгээрийн өөрчлөлт шинэчлэлийн нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх замаар дээд боловсролын талаарх төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх болон гишүүн сургуулиудын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

     МГТИС нь тус консорциумын гишүүн болсноор сайн засаглал, нийгмийн ёс зүйг эрхэмлэж, сургалт, судалгаа, инновац гэсэн мэдлэгийн гурвалыг хөгжүүлж, чанар, ил тод, хариуцлагатай байдалд түшиглэн, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болж байгаа юм.