МГТИС-ийн хамт олон нэг өдрийн цалингаа COVID 19-тэй тэмцэхэд зориуллаа

     Дэлхийн 150 гаруй улсад COVID-19 цар тахал дэгдэн тархаж, олон улс оронд онцгой байдал зарлаж, аюулт өвчний эсрэг эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын аврагчдаа дайчлан тэмцэж байгаа билээ. Манай улсын хувьд мөн цар тахлын халдварыг тогтоон барих, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагуудын зүгээс зохион байгуулж ажилласаар байна. Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйл тохиож дэлхий даяараа хүнд сорилтой тулгараад буй энэ үед цар тахалтай тэмцэх үйлсэд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хамт олон хувь нэмрээ оруулж, нэг өдрийн цалингаа хандивлан Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн хамт олонд талархал илэрхийллээ.



     Талархалд, “Дэлхий дахинд COVID-19 вирусийн халдвар тархаж, улс орон хүнд нөхцөл байдалтай тулгараад буй энэ цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсынхаа ард иргэдийн энхийн манаанд хүчин зүтгэж буй Та бүхэнд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Аюулт халдварт өвчний эрсдэлээс бидний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа нийт эмч, сувилагч, албан хаагчдадаа манай хамт олны зүгээс сэтгэлийн хандивыг Талархлын хамт өргөн барьж байна.” гээд, албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд нь нэн шаардлагатай маск, хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэглэл, дархлаажуулалтын бүтээгдэхүүн, эмнэлгийн бээлий зэргийг гардуулан өглөө.
           
    Бидний төлөө сэтгэл, зүрхээ зориулан ажиллаж буй бүх албан хаагчдаа хүндэтгэн иргэн бүхэн өөртөө хатуу шаардлага тавьж, гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, цар тахлын аюул намжтал анхаарал болгоомжтой байхыг МГТИС-ийн хамт олноос уриалж байна.