МГТИС-ийн хамт олон, оюутнууд алслагдмал сургуулийн сурагчдад туслах аян санаачлан хэрэгжүүллээ

     Баян-Өлгий аймгийн Алтай сумын Улаанхад багийн бага сургуулийн захиргаа болон захирал Ч.Гэрэлтуяа Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хамт олонд  дэмжлэг үзүүлдэгт талархаж буйгаа илэрхийлэн, Талархал хүргүүллээ. Учир нь тус их сургуулийн багш, ажилтан, оюутнуудын зүгээс алслагдмал зайд байрладаг Улаанхад багийн бага сургуулийг онцлон, сурагчдад нэн хэрэгцээтэй байгаа эд зүйлсийг бэлэглэх санаачилгыг анх 2016 онд гарган, номын аян өрнүүлэх, хичээлийн хэрэгсэл, шинэ жилийн бэлэг илгээх зэргээр жил бүр тодорхой хэмжээний тусыг хүргэсээр иржээ. Түүнчлэн 2019-2020 онд тус их сургуулийн оюутны сайн дурын “Лава” клубийн оюутнууд хариуцан нийт багш, ажилтан, оюутнууддаа уриалга гарган хандив цуглуулж, Улаанхад багийн бага сургуулийнханд дахин чин сэтгэлийн бэлэг илгээсэн юм. Сурагчдын хөгжмийн хичээлийн өрөөг тохижуулан, хөгжмийн зэмсэг, хичээлийн болон бусад эд зүйлсийг бэлэглэлээ. 

     МГТИС-ийн хамт олон, оюутан суралцагчид нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсрол, мэдлэгийг хүртээмжтэй түгээхэд дэмжлэг үзүүлэх аливаа сайн дурын үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж, мөн идэвхтэй оролцдог.  Ялангуяа манай улсын хувьд орон нутагт, сумын төвөөс алслагдсан зайд буюу суралцах орчин тааруу нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад анги танхимын тохижилт, сургалтын гарын авлага, хэрэгсэл дутагдалтай байдаг учраас олон нийтийн дэмжлэг их хэрэгтэй байдаг. Тэдгээр хүүхдүүдэд бага ч болов тус дэмжлэг үзүүлэх нь сайн үйлсийн төлөөх ажлын гол зорилго юм.