МГТИС-ийн Элсэлтийн цахим бүртгэл эхэллээ

     Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн Элсэлтийн цахим БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ. Бүртгэл 2020 оны 7-р сарын 10-ны 18:00 цаг хүртэл явагдана.
Тус их сургуулийн сургалтын хөтөлбөрүүд 2019 оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан. Уг магадлан итгэмжлэлээр,
  • Уул уурхайн боловсруулалтын инженер, 
  • Хүрээлэн буй орчны инженер, 
  • Механик инженер, 
  • Эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөрүүд итгэмжлэгдсэн юм. 
     Энэ нь тус сургуулийн оюутнуудыг олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд ажиллах, дэлхийн шилдэг их сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, дотоод болон гадаадын төрөл бүрийн тэтгэлгүүдэд хамрагдах үүд хаалгыг нээж өгч байгаа юм. МГТИС-ийн Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ) болон Бакалаврын хөтөлбөрүүдэд элсэх хүсэлтийг тодорхой заасан хугацаанд оюутан элсүүлэх журмын дагуу хүлээн авдаг.

Элсэгчдэд тавигдах шаардлага:
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 2018-2020 онд ЭЕШ өгсөн батламжтай иргэд байна.
  • Гадаад оронд эсвэл Монголын олон улсын дунд сургууль төгссөн иргэд мөн адил Монгол улсын ЭЕШ өгсөн байна.
  • Бакалавр: Математик болон Физикийн хичээлүүдийн ЭЕШ-ын оноо тус бүр 600, МГТИС-ийн Англи хэлний шалгалтад В2 (дундаас дээш түвшний) ба түүнээс дээш оноо авсан байх. 
  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ): Математикийн ЭЕШ-ын оноо нь 550, МГТИС-ийн Англи хэлний шалгалтад В1 (дунд түвшний) оноо авсан байх. 
Англи хэлний шалгалт
  • МГТИС нь Англи хэлний шалгалтыг жил бүр 5, 6, 8-р саруудад зохион байгуулдаг ба шалгалт авах өдрүүдийг тухай бүрд нь сургуулийнхаа вэбсайтаар зарладаг. 2020 оны хувьд шинэ коронавирус (COVID-19)-ын тархалтын улмаас тус шалгалтыг зохион байгуулах боломжгүй болох тохиолдолд Англи хэлний ЭЕШ-ын оноог дүйцүүлэн тооцох болно. Элсэлтийн комиссоос тухайн үед нь ЭЕШ-ын хэдэн оноогоор Англи хэлийг дүйцүүлэхийг зарлана. 
  • Элсэлтийн шалгалтаас чөлөөлөгдөх нөхцөл: TOEFL iBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.0 ба түүнээс дээш оноотой тохиолдолд сертификатыг үндэслэн; мөн англи хэл дээр сургалт явуулдаг олон улсын дунд болон их, дээд сургууль төгссөн хүмүүсийг Англи хэлний шалгалтаас чөлөөлнө.

Элсэлтийн цахим бүртгэлд холбогдох бол энд дарна уу.
Бүртгүүлэх явцад ямар нэг асуулт гарвал (+976) 70232090, (+976) 70232086 утсанд холбогдох эсвэл Холбоо барих хэсэгт хандана уу.