“Монгол Коосэн” технологийн коллежтой Санамж бичиг байгууллаа


Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь сургалт, судалгааны бусад байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилтын хүрээнд “Монгол Коосэн” технологийн коллежтой Санамж бичиг байгууллаа. Хамтран ажиллах санамж бичиг үзэглэх уулзалтад “Монгол Коосэн” технологийн коллежийг төлөөлж Захирал М.Сэргэлэн болон бусад мэргэжилтнүүдийн хамт, МГТИС-ийг төлөөлж Захирал Б.Батцэнгэл, Сургалт хариуцсан дэд захирал Л.Алтангэрэл нар оролцлоо. Уулзалтаар хоёр сургууль 2020 онд хамтран хэрэгжүүлэх сургалт, судалгааны ажил болон оюутан, багш хоорондын туршлага, мэдлэг солилцох ажлын чиглэлийн талаар хэлэлцсэн юм.

Тус хоёр сургуулийн хувьд Япон болон Германы инженер бэлтгэх сургалтын арга барилыг Монголын боловсролын салбарт нутагшуулж буйгаараа адил онцлогтой. Тиймээс хамтын ажиллагааны хүрээнд олон улсын түвшинд инженерээр бэлтгэгдэх хоёр талын оюутан залуус, багш нар өөр өөрсдийн сургалт, мэдлэгийн өвөрмөц онцлог, соёлтой харилцан танилцаж, гар нийлэн ажиллах аж.