Инженер мэргэжлийг сонирхсон 400 гаруй хүүхэд залуус МГТИС-ийн Нээлттэй өдөрлөгт оролцлоо

МГТИС нь Монгол, Герман хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд 2013 онд байгуулагдсан, төрийн өмчит хамгийн отгон их сургууль юм. ХБНГУ-ын инженерийн боловсролын хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг төдийгүй бүх хичээл Англи хэл дээр явагддагаараа онцлогтой. Энэхүү өдөрлөгт МГТИС-ийн профессор багш нар Уул уурхайн боловсруулах инженер, Эдийн засагч инженер, Механик инженер, Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийг сонирхож буй Ерөнхий боловсролын сургуулийн 400 орчим сурагчид мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээлэл зөвлөгөө өгөх нээлттэй хичээл явууллаа. Мөн тус сургуулийн Хэл, заах арга зүйн төвөөс Англи хэлний богино хичээл зохион байгуулж, оролцогч хүүхдүүдээс түвшин тогтоох шалгалт авч, үр дүнг нь танилцуулсан юм.
           
Түүнчлэн МГТИС-ийн оюутнуудын амьд хөгжмийн хоёр хамтлаг уран бүтээлээ толилуулж, оюутны зөвлөлөөс хотхоны аялал зохион байгуулж, сайн дурын клубүүдийнхээ үйл ажиллагааг оролцогчдод танилцууллаа. Тус их сургуулийн Нээлттэй өдөрлөг жил бүрийн хавар болон намрын улиралд уламжлал ёсоор зохион байгуулагдах тул сурагчид, хүүхэд залуус, эцэг эхчүүд болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежерүүд өргөнөөр оролцох боломжтой юм.