Георг Агрикула Бохумын Нэрэмжит Техникийн их сургуулийн профессор багш нарт сургуулиа танилцууллаа

Монгол-Германы хамтарсан ашгт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн Сургалт, оюутны асуудал хариуцсан алба болон оюутан залуус хамтран Георг Агрикула Бохумын Нэрэмжит Техникийн их сургууль (THGA)-ийн профессор багш нартай туршлага солилцох арга хэмжээг цахимаар зохион байгуулж, сургуулиа танилцууллаа.

Тус их сургууль нь 1816 онд ХБНГУ-ын Бохум хотын уул уурхайн анхны сургууль болж байгуулагдсан 200 гаруй жилийн түүхтэй. Сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, туршлага солилцох зорилгоор 2019 онд МГТИС-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн юм.

Цахим уулзалтын үеэр МГТИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал Проф. Др. Л.Алтангэрэл, Сургалт, оюутны асуудал хариуцсан албаны даргын үүрэг гүйцэтгэгч Р.Нямдулам нар сургуулийн ерөнхий танилцуулгыг хийж, хоёр их сургуулийн хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Мөн МГТИС-ийн оюутнуудын зүгээс оюутнуудад олгодог тэтгэлгүүд, оюутны клубүүд, хичээлийн бус цагаар явагддаг үйл ажиллагаа, хотхоны амьдралын талаар танилцуулж, олон сэдвээр ярилцлаа.

THGA нь өнөө үед эрдэс баялгийн инженерчлэл ба уул уурхай, материал судлал, механик инженерчлэл ба технологийн инженерчлэл, мэдээллийн технологи буюу ухаалаг эрчим хүчийг ирээдүйн чиг хандлагад нийцүүлж, уламжлалт мэдлэгийг орчин үеийн дэвшилтэт арга барилд холбохоор зорин ажиллаж байгаа юм.